Tuesday, October 8, 2024

DORNOD CUP 2024

 DORNOD CUP 2024 - тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Өмнө хожид байгаагүй нуурын тойрог замын шаврын уралдаан, өвөл, зун, өдөр шөнийн гараа, өнгөрсөн жилийн RFC болсон бүх бартаануудыг нэгтгэсэн тойрог замын уралдаан г.м маш сонирхолтой, тэсвэр тэвчээр, шандас шалгасан ярих юм ихтэй сайхан тэмцээн болж өнгөрлөө.

Эхний өдрийн бөөн гараа: Чойбалсан хотоос хойш 10км орчимд Цайдам нууран дээр эхний өдрийн тойрог замын шаврын уралдаан болсон. Нуурыг эргээр шахаж 3-н тойргийг 4-н цагийн дотор тойрох. Гаднын болон тамирчин хооронд ямар ч тусламж зөвшөөрөхгүй нь онцлогтой тэмцээн болсон. Бөөн гараа шаврын зах руу ороол бүх машинууд муурч эхэлсэн, явсаар явсаар сайхан тараад сууцгаасан. Суусан газраасаа хурдан хөдөлж чадаагүй тамирчид тэндээ 4 цаг үзмэр, ваар, барималчин болж үлдсэн. Үзэгчдийн урд тамираа тасартал гутлаа сугартал, анжсаа даахгүй болтлоо үзэцгээсэн. Шаварт хүрзэн анжис маш сайн авч байсан ч эргээд 2м гүнд зоогдсон анжсаа авна гэдэг маш хүндрэлтэй байсан, анжсаа авч чадахгүй тэмцээнээ өндөрлүүлсэн маш олон тамирчин байгаа. Шавар нь эргээсээ холдох тусам зөөлөрч, илүү гүн сууж байсан, эрэглүүгээ шахаж явсан тамирчид илүү хол замыг туулж чадсан. Энэ хүнд замд замаа 2 тойрсон #team07 замаа 1 бүтэн тойрсон #team93 #team90 #team609 #team70 та бүгд шилдэг нь байсан. Бүх багуудад баяр хүргэе!


Тэмцээний 2 дахь өдөр: Winter is coming! Өглөө босоход нэвсийтэл цас орсон байлаа. Цаг агаарын онц үзэгдэл болж орон нутаг зам хаагдсан. Цаг агаарын нөхцөл байдлаас тэмцээнийг нэг өдрөөр хойшлуулах шийдвэр зохион байгуулагч нар гаргасан. Энэ цагийг ашиглаж тамирчид машиндаа сервис хийх, угааж цэвэрлэх зэрэг ажлууд хийж маргаашийн тэмцээндээ бэлдэцгээсэн.


Оройн зоог: Тэмцээнд оролцож байгаа бүх тамирчдыг Дорнод Турбо Авто Сервис -ын хамт олон шинээр баригдсан сервис дээрээ урьд сервисээ танилцуулан оройн хоол идсэн. Турбо Авто Сервис-ын хамт олонд өндрөөс өндөр амжилт хүсье! Мөн нийт тамирчдынхаа өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.


Тэмцээний хоёр дахь хэсэг: Өнгөрсөн жилийн RFC болсон газраа бүх stage -үүдээ оруулан 2/2-р нь гаргаж тойрог замын уралдаан хийсэн. Гарааны дарааллыг сугалаа сугалж шийдсэн. Тэмцээний зам нь: 
  • Устай, шаврын хэсэг
  • Дугуйтай хөндлөн канал
  • Огцом өгсүүр эрэг, уруу
  • Шавартай канал
  • Дахин огцом өгсүүр эрэг
  • Шатарын хөлөг
  • Хөндлөн канал
  • Устай хэсэг
Тус бартаануудыг 30 мин туулах даалгавартай тэмцээн эхэлсэн. Эхний гараанд тэмцээний замаа бүрэн дуусгасан 10-н тамирчныг финалын гараанд гаргасан. Финалын гарааг мөн адил тамирчдын саналаар сугалаа сугалж гарааг тодорхойлсон. 2 дахь өдрийн гараанд #team11 маш сайн цаг үзүүлж бусад тамирчдаа тэргүүлж чадсан.


Тэмцээний дүн: Хоёр өдрийн тэмцээний нийлбэр оноогоор тэмцээний ялагч тодорсон. ДБЗАСХ нь 2 өөр төрлийн тэмцээнийг нэг болгож, маш ухаалгаар дүгнэж, оноожуулж чадсан. Мөн MOF-с төлөөлөл болж очсон ТЗД Далайцэрэн маш хариуцлагтай 2 өдөр тэмцээндээ анхаарч, тусалж, зөвлөж харагдсан.

ТАЛАРХАЛ: Тамирчид хүлээж авахаас эхлээд амралтын газрыг бүтэн 2 өдрөөр нь түрээсэлж бидний тав тухтай байлгахад санаа тавьж, орой болгон хорхог, боодог хийж өгч байсан. Тэмцээний зам сонирхолтой, шандас сорьсон байлгахыг хичээсэн, цом медалаа сэтгэл гарган Улаанбаатар хотод захиалгаар хийлгэж, үзэгч тамирчдаа хүндэлж том тайз засаж, мөн шагналын санг бэлэн мөнгө нэмэх нь эрхийн бичгээр байлж, хамгийн гол нь тэмцээнээ шударга, тамирчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлэхгүй байлгахад маш их анхаарч ажилласан Оргил тэргүүтэй ДОРНОД БАРТААТ ЗАМ АВТО СПОРТЫН ХОЛБОО-ны нийт гишүүдэд маш их баярлалаа. Маш их сэтгэл, хүч гаргаж тэмцээнээ зохион байгуулсан байсан шүү!

Мөн тэмцээн зохион байгуулагч нарын хамаарал бүхий тамирчид эрхэлж, давуу эрх авдаггүйг бусад клуб, тэмцээн зохион байгуулагч нарт үлгэр жишээ харуулж чадсан #team68 гаднын тусламж авч DNF #team50 -д эр зориг шагнал өгвөл өгчихөөр байсан, мөн хасагдаж харагдсан. 

Эхний өдрийн шавар дээр маргааш нь тэмцээнтэй байж SOS хийж бүх машинуудыг гаргахад тусалсан #team36 Соронзон багт баярлалаа.

Тэмцээний ерөнхий sponser: Nomt Engineering Team, YATO Mongolia хамт олондоо баярлалаа

DONATION: Тэмцээн бүрийг сэтгэл, зардал гарган #live хийн олон түмэнд түгээн тайлбарладаг Mongolian Pajero Club тэргүүн Болор найздаа баярлалаа. Нэг тэмцээнийг бүтэн дроноор live хийхэд 10ш батериа хэрэг болж байгаа, мөн сая live хийж байгаад дроноо унагааж, мөн машин дээрээсээ starlink -ээ хийсгэсэн асуудлууд гарсан. Нийт тамирчид нэгдсэн donation аян зохион байгуулж Болордоо тусалж байна. Та ч гэсэн live үздэг бол түүнд donation илгээнэ гэж найдаж байна. Хаанбанк 5031573344 Болортуяа










Thursday, August 29, 2024

Зэрлэг 4x4 RFC Mongolia 2024

Улсын аварга шалгаруулах ЗЭРЛЭГ 4х4 тэмцээн амжилттай болж өнгөрлөө. 10 жил уралдсан замаа өөрчилж шинэ зам дээр уралдсан онцлогтой жил байлаа. 


GPS System: нэвтэрснээс хойш 3 дахь тэмцээн зохион байгуулагдлаа. Өмнөх, өмнөх тэмцээнүүдийн алдааг сайжруулж маш сайн зохион байгуулалттай болсон гэж ойлгож байгаа.

GPS ашиглах, хяналт тавьсанаар дараах давуу талуудыг тамирчдад олгож байна
  • Тамирчид замаа олохгүй төөрөх асуудал байхгүй болсон
  • Бүх тамирчид нэг замаар уралдсанаар тамирчдын аюулгүй байдал, замгүй газраар явж байгаль орчин сүйтгэхээс сэргийлэх
  • Зам, бартаа саад тойрох, товчлох боломжгүй болсон
NaviMarket Pro -г ашигласнаар тамирчид өөрийгөө хаана явааг, мөн замаас гарсан эсэхээ өөрөө хянах боломжтой болсон. Мөн тус GPS систем нь маш олон хиймэл дагуултай холбогдох чадвартай учраас алдаа гарах магадлал утасны хүчин чадаас хамаарч маш бага болсон мэт санагдсан. Зам зурахаас эхлээд бүх ажилд сэтгэлээрээ тусалсан Navi Market -ын хамт олонд баярлалаа.


Тэмцээний зам: Шинэ зам сонирхолтой байсан. CP1 хүртэл шавартай, цаашаа уулын замаар уралдсан, ховил ихтэй, унанги мод ихтэй, огцом өгсүүр, уруутай. Шинэ зам их юм битгий хүлээгээрэй гэж Тэргүүн хэлсэн, нээрээ л одоо сайлж, муулаад байх шаардлага байхгүй байх. Өмнөх замтай харьцуулахад бартаа 1/3 багцаа байсан болов уу. Дараа дараадаа эндээ зохион байгуулагдвал энэ жилийхээс харж байгаад нэмж хасаад сайхан болох нь дамжиггүй!

Тэмцээний зохион байгуулалт: Шинэ зам дээр зохион байгуулагдсан учраас аймаг, сум орон нутаг, иргэд, байгаль орчин гээд чамгүй олон зөвшөөрлүүд авах шаардлагатай болсон байх. Үүнээс болоод тэмцээн эхлэх хугацаа нэлээн оройтсон ч тэмцээний зохион байгуулалт сайн болсон гэж бодож байна. Өдрийн гараанд 20 тамирчин орж ирснээс 11 тамирчин дүрмийн дагуу хасагдсан. Хасагдсан тамирчдын цөөн хэсэг болон үзэгч, дэмжигчид бүх тамирчдыг шөнийн гараанд гаргачих, тэр хамаагүй гэж байгаа нь харамсалтай санагдаж байлаа. Өмнө жилээсээ сургамж аваагүй мэт санагдсан. Гэхдээ шүүгчид, зохион байгуулагчид гаргасан дүрмээ баримтлуулж чадсанд маш их баяртай байна. Мөн ихэнх тамирчид дүрмээрээ уралдах сонирхолтой болсон байгаа нь ирж яваа цаг мэт санагдсан. Үүнд маш их баяртай байна. CP3 ийн шүүгч шөнө очиход байхгүй, үзэгчид CP тамга дарж өгч байсан. Тэр том клуб төлөөлж ирээд маш хариуцлагагүй санагдсан. Зарим шүүгчид машин нь очих боломжгүй байхад алхаад CP-н дээрээ өдөр, шөнө зогсож байсанд маш их баярлалаа. Тэмцээн шударга зохион байгуулсан MOF холбоо, бүх шүүгч нартаа дахин дахин баярлалаа.

Шөнийн гараанд ороод ирэхэд зарим тамирчид орж ирсэн тамирчдын явсан замыг шалгаж байгаа нь их зүгээр санагдсан. Дараа нь ямар нэгэн хардалтад өртөөд байхгүй амар байсан шүү

Онцлох тамирчид:
White Falcon Team 600: ТЭРГҮҮН байр Зэрлэг 4х4 -т 2 алтан цомтой 2 дахь тамирчин болсон АВАРГА даа баяр хүргэе! Зэрлэгийн зам дээр түүнийг гүйцэхэд тун хэцүү. Хамгийн олон зэрлэгийн цомтой тамирчдын нэг. Энэ нь түүнийг бэлтгэл сайтай, няхуур, нямбай явдаг гэдгийг дахин дахин харуулж байна. Цаашдын уралдаанд нь амжилт хүсье!


Team 09: ГУТГААР байр өдрийн гараанд 2-р орж, шөнийн гараанд техникийн саатлаас болж 1 цаг гарангийн дараа гараанаас гарч 3-р байранд орсон. CP4-6 хүртэл ууланд хөгжим тоглосон сурагтай байсан. Машин портал тэнхлэгтэй, 1jz турбо мотортой team09 бол топ, том тамирчдын нэгээ. Цаашдын уралдаанд нь амжилт хүсье!


2-р байранд орсон нөхөр миа гар гэсэн, гэхдээ штурмэн сайтай гэсэн шүү онцолж бичмээргүй байнаа 😂😂😂

Monday, August 5, 2024

ГАЧУУРТ CUP-2024

Энэ удаад наадам, амралт гээд #choco-г бэлдэх зав гараагүй учир үзэгч хийлээ. Бараг уралдахаас үзэгч хийсэн нь илүү сонирхолтой санагдав 😁😁😁 Энэ сэдвээр тусад нь жоохон юм бичнээ...

Гурав дахь жилдээ зохиогдож байгаа Гачуурт CUP -тэмцээнийг анх удаа үзэж сонирхлоо. Өөрийн гэсэн онцлогтой сайхан тэмцээн болж өнгөрлөө. Онцлог нь: зам нь ус, шавар ихтэй, огцом өндөр хад руу авируулдаг, буулгадаг мөн шагналын сан нь бэлэн мөнгөөр өгдөг нь онцлог байлаа. Замын бартаа бол ярих юмгүй сайхан байсан, тамирчид, машинууд хувийн бэлтгэл өдрөөс өдөрт сайжирч байгаа нь бидэнд мэдрэгдэж байгаа. TR3, TR2 ангиллын хоёр АВАРГА -л замаа дуусгаж бусдыгаа манлайлж чадсан.

Тэмцээнд оролцсон дараах тамирчдыг онцолж бичмээр санагдлаа:

Team 90 - Бодон: Миний хувьд Билгүүнийг олон жилийн өмнөөс танина, анх танилцахад ямар хүн байсан яг л тэр зангаараа. Сонирхогчийн ангиллаас Wrangler - бэлдэж эхэлснээс хойш олон ч машин бэлдэж, олон ч тэмцээнд оролцсон туршлагатай тамирчин. Өнгөрсөн жил 05 -ын штурменээр Зэрлэгт явж штурменүүдэд шинэ техник зааж өгсөн гэж байгаа. Бодон 55 - нь нэг л болж өгөхгүй хэдэн жил өнгөрсөн. Найзыгаа уйгагүй, шантрахгүй, Бодон 90-г дахин хийж, топ тамирчид орсон, маш хүнд замтай тэмцээнд илт илүүрхэж түрүүлсэнд маш их баяртай байна. Team 90-н Билгүүн, Түмээ, Сайхнаа нартаа цаашдын уралдаан тэмцээнд нь өндрөөс өндөр амжилт хүсье!

Team 81 - Балто: Өмнөх тэмцээнд машиндаа хүнд гэмтэл авч тэмцээнийг орхисон ч маш хурдан машинаа засан Гачуурт CUP -д эргэн ирэлт хийж чадлаа. Маргаангүй тэмцээний өнгийг тодорхойлдог ТОП тамирчдын дунд хаалгыг нь цөм цохин орж ирж байгаа тамирчин. Түүнд бууж өгдөггүй, нэг талаас харвал мангардуу ч юм шиг зан байдаг. Миний хувьд хэзээ ч тийм үйлдэл хийхээргүй. Гэхдээ саяны тэмцээнд хараад сууж байхад үнэхээр л тэр байх ёстой байраа нэр төртэй авч дахин өөрийгөө баталж харууллаа. Хүндлэх сэтгэл төрж байсан юуг нь нуухав. Найздаа цаашдын уралдаан тэмцээнд нь өндрөөс өндөр амжилт хүсье!


Team 79: Бак ахыгаа олны хайр хүндлэлийг хүлээсэн хүн гэдгийг саяны тэмцээнд дээрээс бид бүгд харсан. MOF холбооны бүх тамирчид түүнийг финалын гараанд сэтгэл зүрхээрээ дэмжсэн. Бак ах маань ч итгэлийг алдахгүй маш сайн явсан. Машин хөнгөн, бяртай, жигдэрсэн гоё байна, нэмээд олон жилийн уралдсан туршлага харуулж байр эзэлж чадлаа. Тайзан дээр ирээд 3-р байранд орсныг сонсоод өөрөө байр эзэлсэн юм шиг баярласан. Цаашид олон олон тэмцээнд амжилт гарган биднийгээ баярлуулаарай. Амжилт хүсье!


Team 36: Зүүн хязгаараас ирж энэ жил шинээр гарсан modified ангилалд дараалан түрүүлж. Ангиллынхаа босоо АВАРГА болж байна. Зүгээр ч нэг түрүүлээд байгаа юм биш багын бэлтгэл, багын ажиллагаа, ойлголцол супер юм билээ. Өнгөрсөн жилийн RFC Dornod 2023 аар очиход танихгүй байж зам дээр тааралдан манай багт тусалж Соронзонтой танилцаж байсан. Найздаа цаашдын уралдаан тэмцээнд нь өндрөөс өндөр амжилт хүсье!


Тэмцээний зохион байгуулалт: гоё болсон гэхдээ анзаарсан нэг зүйл нь зохион байгуулагч буюу Гачуурт клуб, Пажеро клубийн тамирчид бусдаас давуу эрх эдэлж байгаа нь жаахан таалагдаагүй. Сугалаагаар 49 1-р гараа, 04 2-р гараагаар сугаласан боловч, 10-р гараагаар зэрэг гарсан. Яах гэж сугалаа сугалуулсныг ойлгоогүй. Мөн 81 яагаад 10-р гараанд гарах байсан 11-р гарч байгаа нь. 04 сугалааны гарах ёстой гараандаа гарахгүй 10-р гарч финалдсанаар, 29 Аззаяа финалд гарах эрхгүй болсон. Тэр хүн бас яагаад ийм зүйлд хэлгүй болсныг ойлгоогүй. Шударга дүрмийн дагуу уралдаан гэж яаг юуг хэлээд байгааг, тамирчид яг юу хүсээд байгааг ойлгоогүй. Шударга, шударга гэж хамгийн их дугардаг тамирчид өөрсдөө ийм байхаар бид одоо яаана вэ? Бусдаар сайхан тэмцээн болсон. Тэмцээний дүн гарахад бүх зүйл байр байрандаа цаанаасаа зохицуулагдсан мэт орсонд туулийн баяртай байна.



Saturday, May 28, 2022

МАЗААЛАЙ 4Х4 2022 - CHOCO

PRO машинтай уралдсан анхны тэмцээн, Bori найзыгаа ч юм юм үзүүлсэн сайхан тэмцээн болсон

Choco -г худалдаж авсан түүх: Шинэ машинаа хийх гээд 2021 өвлөөс эхэлж сэлбэг, тоног төхөөрөмжээ бэлдэж эхлэсэн. 96 Далайцэрэн найз маань хийж өгөх байлаа. Миний урд 57 Чинзо машин хийц нэлээн удаашралттай байлаа. 2022 Scorpion 4х4 -с өмнө Choco зарна гэснийг Чинзо найз маань надад ирж хэлээд. Бид 2 авах гээд очсон, тэр өдөр нь өөр хүн урьдчилгаагаа өгөөд авахаар болсон байв. Азаар Scorpion -ны дараа авсан хүн нь буцаалаа гэж сураг сонсоод шууд очиж авч билээ. Угаасаа л надад ирэх ёстой машин байсан байж.

Эхний STAGE I: Огцом эрэг гараад, сар руу ордог. Анхны гараан дээрээ 09 Цогоо ахтайгаа таарсан. Огцом эрэг дээр хэтрүүлж харайлгаад урд мостоо эвдээд эхлэсэн. Сарлуу хажуугаараа бүтэн ороод, гадас нь чирэгдээд Bori найзыгаа нэлээн сандаргаад авсан. Ямартай ч бартаагаа амжилттай дуусгасан. Bori найз маань их зүйл зааж, зөвлөж өгсөн. Би цаг хугацааг товчлоод байгаа юм шиг л санагдсан. Шинэ тамирчин байж будаа идээд, туршлагтай тамирчнаас зөвөлгөө аваад

STAGE II: Транблен дээрээс гараад, дов, урт устай шавар, үхлийн шавар гэсэн бартаанууд. Гараан дээр 79 Батбаатар ахтай таарлаа. Урд мостоо эвдсэн хүн Батбаатар ахыг түрүүлээд гар л гэлээ. Араас нь явж байтал урт устай шавар дотор Батбаатар ах суув, хажуугаар нь тойрч гараад явсаар байгаад гараад ирэв. Үүнд маш их урам авч билээ. Замд хажуугаас хүмүүс мостоо залга, мостоо залга гээл орилоод байсан. Залгах мосттой бол сайхан л байна гэмээр байлаа.

STAGE III: Усаар яваад, хад гараад, огцом өгсүүр, тамын тогоо зэрэг бартаанууд. Ус, хадаа гараад огцом асгаас руу урд мостгүй дайраад гарсан. Уруудаж орж ирэхдээ бетон мөргөөд урд дугуйгаа хагалсан. Бараг унахаа шахсан. Тамын 3-н тогооны доор очоод зогссон. Bori-г дээш, доош 3 гүйлгэсэн. Учир нь бетон мөргөхөд PTO -ны кардан мултарсан юм билээ. Түүнийгээ хийж барих гэж нэлээн юм болсон. PTO -өөр анх удаа тийм огцом өөд, дүүжлэгдэж гарч үзэх үнэхээр огцомдож байв. Би энд юу хийж яваан бол гэсэн бодол төрж байлаа. Өгсөж гараад, огцом уруудахдаа хагархай дугуйгаар жалганд орж машинаа унагаагаад авав. Миний талаар унасан, би газар. Bori гарч машинаа татаж босгов. Тэр хооронд нэлээн юм болсон, миний сүнс төөрсөн. 😁😁😁

STAGE IV: Хад, банн, дугуй г.м бартаанууд. Сүүлийн stage орохоос зүрхшээгээд эхлэв. Гарааны шүүгчээр Бодон Билгүүн зогсож байсан. Очоод хөгшөөн энэ хэр байна, би бараг болидиймуудаа гэсэн урдаас загнаж байна шүү. Чи юу яриад байгаа юм бэ ор л гэж байна. Буцаж ирээд би тэр огцом уруу орж чадахгүй юм байнаа. Болих уу гэсэн, Bori дээр нь гаргаад өг. Би уруудахад нь бариад бууя гэж миний нарыг гаргав. Би ч хад луу винчдэж гараад машинаасаа буугаад гүйв. Банн гарч ирээд, дугуйн дээр тэгнээд зогсож байхад нь машиндаа үсэрч орсон. Тэгээд PTO -ны кардан дахин мултарч унаад орохгүй Bori-г ч нэлээн зовоосондоо. Энэ удаагийн тэмцээн бүх юм шинэ байлаа. Маш их туршлага хуримтлуулсан тест байлаа. Сайн багштай, сайн машинтай алзахгүй биз дээ...



Monday, August 30, 2021

ЗЭРЛЭГ 4Х4 2021 - Анхны тэмцээн

Олон жил үзэгч хийсний эцэст өөрийн уралдааны машинаа бэлдэж, анхны уралдаандаа гарч үзлээ. Сэтгэгдэл маш өндөр байна.

Уралдааны машин бэлдэх: Jeep Cherokee WJ 4700cc A/T кроптой машинаа хөнгөлж, 37" MAXXIS дугуй, урдаа 8500 warn, дундаа 2 мотортой Runva винч, хамгаалалтын карказ зангидуулсан.

Гараа: Гараанд нэлээн хойгуур хөдөлсөн, учир нь мотор бяртай байсан ч амаржин, гарын явалт муу учир явж болохгүй байсан. Онь даваад уруудсан Wrangler клубийн 55, 66 дугаартай тамирчид шаварт суусан харагдав. Үнэхээр аялж яваагүй болохоор удаан ч гэсэн зогсмооргүй санагддаг юм билээ. Чигээрээ бараг хараагүй юм шиг царайлаад давхиад гарлаа. Одоо өнгөрсөн өнөөх 2 -ынхоо царайг яаж харнаа 😁😁😁

Үзэгчийн шавар: Үзэгчийн шавар дээр гардгийн даваан дээр суув. Хальт анжистаад гараад зогсож байтал хойноос Дорнодын 69 давхиж ирээд миний суусанд суугаадахлаа. Тэгснээ 69 -ны штурмен хөгшөөн чиний хойноос нэг зүүчихье л гэж байна. Би ч чадахгүй ээ, энэ чинь уралдаан биз дээ гээл яваад өглөө.

CP1: Эхний судаг дээр нам гацлаа, runva винчний ч нэг моторын ремен тасарчихлаа. Анжис авдаггүй, заа эндээ дуусах юм байна гээд зогсож байтал. Урд нэг УАЗ ирээд зогслоо, шавраа харж байгаа бололтой. Гарах боломжгүй байсан учир штурменээ тэр машинаас гуйгаад зүүчих л гээд явууллаа. Жолооч нь тэг тэг л гэсэн бололтой тат тат л гэж байна. Машиндаа үсэрч суугаал татах гэсэн УАЗ -ны штурмен орилж ирсэнээ олс аваад шидчихлээ. Түрүүн чи муу чадахгүй гээд явсан биз дээ л гэнэ. Шок, түрүүний УАЗ аа танихгүй онигоо боллоо хөөрхий. За яахав юм үзээгүй манай баг их юм үзнэ ээ цаашид 😁😁😁. За ариа гэж анжистаж байж өнөөх шавраасаа гараад ирсэн, шүүгч дээр очтол. Гитарчин Өөжгий ах, Мэндээ ах 2 за та 2 бүтэхгүй, ийшээ яваад гацвал очиж авах гэж бөөн юм болно, буц л гэж байна. Жолооч нь нүдний шил зүүсэн эрдэмтэн, штурмен нь нэг хөгшин та 2 ийн байх газар биш л гэж байна Өөжгий ах. Ядаж байхад үндсэн винч эвдэрсэн, 8500Warn тай байдаг. Штурментэйгээ ярилцлаа яахуу ахаа л гэлээ, явна л гэж байна. Заа заа бид 2 явлаа гээд яваад өглөө. Бид 2 ийг бурхан ивээг.

CP2: Том даваа даваад уруудахдаа суугаад нэлээн зүдэрч, зүдэрч ирлээ. Битүү оочир ямар ч машин багтах зайгүй. Бараг 2, 3 цаг зогссон байх. Оочир хүлээгээд зогсож байсан Бори ногоон машинтайгаа дундуур нь шүлжиж татаал, зүсээл гараад явлаа. Битүүхэндээ ийм машинтай болох юмсан гэсэн бодол төрж билээ. За тэгээд сууж байтал манай нэг найз ирснээ, ингэж зүгээр байж байхаар чиний машинаар шавар руу дайрч үзье, араас нь ороод дөхөж байя гэж байна. Би ч нээрээ ч тэгье гээд найзыгаа суулгаж аваад хаазлаад орлоо. Урагшаа эрэг хамраараа мөргөөд ямар ч гарах боломжгүй болов. Винч дийлэхгүй. Тэгээд нам гацаад сууж байсан араас 05 Батсайхан, миний орхиод явсан 66 Wrangler Золоо, нэг УАЗ тай 3 уулаа давихад ирлээ. 66 найзаасаа гуйж чаддаггүй, хаяд явсан хүн. Олон жилийн танил Skyline Батсайхан ахаасаа хойноос ахаа татаад гаргаад өгчих, би эндээ тэмцээнээ зогсоолоо л гэлээ. Ах ч нээх ч юм ярьсангүй татаж өгсөнгүй. Удалгүй Батсайхан ах ерөнхий шүүгч рүү станздаад, ийм түгжээ үүслээ, бид хохирлоо гэж шуугиулсаар байгаад зам нээлгэчихлээ. Нөгөө 3 нээлгэсэн замаараа гараад яваад өглөө. Урагшаа ч гүй, хойшоо ч гүй болоодхов. Найзыг жимнигээр хойноос нь татаад үзээ л гэлээ, 2 жимний нэлээн юм болж байж татаж гаргав. Нээлгэсэн замаар нь дайрсан, бараг өөрөөрөө гарлаа, хальт сууж татаад цаана нь гарснаа. Цаг дуусаагүй болохоор 2 найздаа би явлаа, та 2 учраа олох уу гэсэн. Тэгээ яв яв л гэж байна.


CP4: 3-ыг асуудалгүй гараад 4 дээр давхиад ирсэн урд явсан гурван машин гурван талд суусан байна. Батсайхан ах л даллаж байна шүү. Одоо ах бол намайг таниад эхэлсэн. Ахын дүү УАЗ татаж гаргаад хамт дээшээ явах уу л гэж байна. Би ч одоо зам мэдэхгүй, цаг ч нэлээн дөхсөн тэгье л гэлээ. 4-ын шүүгч Боб ах одоо ийшээ явуулахгүй цаг дуусаж байна гэж байна. Батсайхан ах за замаар явуулахгүй тойроод уул даваад орноо гээд дагуулаад давхисан. Нэлээн яваад буцаад 4 дээр ирлээ. Би ч 66 Золоог явах уу хөгшөөн, би бол замаа дуусгачихмаар байна. Чамайг явахгүй бол би ганцаараа явлаа гэж хэллээ. Золоо хамт явна гэж байна. Ингээд бид 2 цаашаа хамт явлаа. 4 дээр Батсайхан ахын урд 2 таван бул хугарч, УАЗ -нь эвдрээд хоносон юм билээ. Дараа нь 66 Золоод нэлээн гомдол мэдүүлсэн сурагтай байсан.

CP5: Канал, өгсүүр шавар 4 цагийн үед шаврын зах руу ороод, харуу бүрийгээр орой дээр гарсан. Амьдралдаа ингэж удаан өгсүүр өгсөж үзээгүй би бараг шантарсан. 8500 Warn винчээр тэр амыг сөөм сөөмөөр явсаар орой дээр нь гарсан. Модны зах харагдахад үнэхээр их баярлаж, бараг нулимс цийлгэнэсэн. За хамгийн том даваагаа давсан, цаашаа баяр хөөртэй бүх замаа дуусгана гээд 66 Золоогоо дагаад давхилаа. Золоо нэг GPS тэй. Өвөлжөө өнгөрөөд, огцом өгсүүрээр өгсөхгүй зүүн эргээд давхиад л байлаа давхиад л байлаа. 20-30км явсан байх. Явж явж хадлан хадаж байгаа хүмүүс дээр ирсэн, ийшээ тэмцээн болоогүй та нар төөрсөн байна гэж хэллээ. Золоо ч хаана төөрснөө мэдээд буцаад давхилаа.

CP6: Тагтны шавар өмнө жилүүд айхтар байсан, энэ жил хуурай байлаа, давхисаар шүүгч дээр давхин ирж бүх CP тамгаа гүйцээлээ. Барианд орж ирсэн хүлээж авсан ямар ч хүн байгаагүй, жоохон гонсгор үлдсэн. Гэхдээ манай багийн хувьд болох юм байна, дараа жилийн наадамд заавал шинэ про машин хийж аваргуудтай хамт барианы шүүгчид зогсож байхад барианд орно гэсэн зорилго тавьсан. Дараа жилийн наадам хол байндаа хол байна.

Нээрээ маргааш нь Өөжгий ахыг зорин очиж, ахаа бид бүх CP орж барианд орсоон та хар гэж хуудсаа үзүүлсэн.

DORNOD CUP 2024

 DORNOD CUP 2024 - тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Өмнө хожид байгаагүй нуурын тойрог замын шаврын уралдаан, өвөл, зун, өдөр шөнийн гараа,...