Monday, November 17, 2025

RFC Russia - R1, R2, R3 ангилал ерөнхий онцлого

RFC RUSSIA- тэмцээн 4-н ангилалтай байдаг. R4 ангилал нь винчгүй таг сток машинууд уралдаад байдаг. R3 ангилал нь винчтэй, бага зэргийн сайжруулалт хийсэн машинуудын ангилал. Дугуйн хэмжээ 846мм буюу 33.3 инч хүртэл дугуйг зөвшөөрдөг. Жишээ нь R4 ангилалд марк2 г.м машинууд оролцож харагддаг. R3, R4 -с бусад ангиллын онцлогуудыг доороос харна уу.

R1 - PROTOTYPE ангилал: Манайхтай стандарт ойролцоо дугуйн хэмжээ 1016мм буюу 40инч хүртэл дугуй зөвшөөрдөг.

R2 - PRO MODIFIED ангилал:

  • Кузов, рамыг дээрх зураг дээр харуулснаар урд, ард дугуйнаас 300мм тайрч болно. Мөн 14-р зурагт харуулснаар бүхээгийг тайрч, тулаас хийж болно.
  • Кузов, рам нэг автомашиных байна.
  • Жин нь 1.050.000кг - 3.5т хооронд
  • Сорох хоолой бүхээгт байж болохгүй, төмөр хоолойгоор бүхээгээр дамжсан байж болно
  • Хөргөлтийн радиотор бүхээг хооронд тусгаарласан хаалттай байна
  • Бүхээгийн тэнхлэг, дугуй, доод хэсэг метал хамгаалалттай байна
  • Хийн амортизатор ашиглахыг хориглоно, нэг дугуйнд 2-с дээш амортизатор ашиглахыг хориглоно. Амортизатор кузов суурь зөөсөн тохиолдолд бүхээгээс бат бөх материалаар тусгаарлана
  • Дугуйн диаметр 990мм (38.9inch) -с хэтрэхгүй, хээний гүн нь 5мм их байх ёстой. Дугуйн диаметр хэмжихэд дугуйн хийн даралт 0.5бар -с их байх ёстой.
  • Тоормосны систэм нэг дөрөөгөөр 2 тэнхлэгт ажилладаг, дор хаяж хос хэлхээтэй системтэй тоормосны систем ашиглахыг зөвшөөрнө
  • Зогсоолын тоормостой байх. Автомат хурдны хайрцагтай автомашинууд P байрлалд хойд тэнхлэгний 2 дугуй зэрэг тоормослодог байвал зогсоолын тоормос гэж үзэж болно.
  • 2-с илүүгүй аккумулятортой байхыг зөвшөөрнө
  • Түлшний банк, агааржуулагч бүхээгнээс хадна байна. Дотор хийсэн тохиолдолд тусгаарласан байна.
R2 ангилал дээр зарим нэгэн зүйлийг тодруулахаар ОХУ-ын Техникийн зөвлөлийн даргатай холбогдсон байгаа. Одоо гадаадад аяллаар явж байгаа 12-р сарын эхээр хариу өгнөөр болсон.

Дэлгэрэнгүй судлахыг хүсвэл: энд дарна уу

Saturday, November 8, 2025

Borneo Safari 2025 - Өдрийн тэмдэглэл

BORNEO SAFARI 2025 - Тэмцээн нь 33 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа ОУ-ын оффроад чалленж юм. Тус тэмцээнд ОУ-с баг тамирчид ирж оролцдог бөгөөд #participant ангилалд 600-н баг, #competition ангилалд 29 баг 8-н өдрийн турш ширэнгэд өрсөлдсөн. Манай улсаас 6 хүний бүрэлдэхүүнтэй анх удаа оролцсон.



DAY 1

05:00-08:00 Цаг хүртэл талбай дээр оролцогчид цугласан. Зарим баг өмнө шөнө нь ирсэн харагдсан. Талбай дээрээс оролцогчид нэг нэгээр хөдөлж, үзэгч иргэд маш олноор цуглаж, дэмжиж байгаа харагдсан. Зам гудам битүү болсон. Тухайн нээлт хийж байгаа газраас цуваагаар нэг нэгээр хөдөлж хотын захад очин баг багаараа уулзан цааш хөдөлж байсан. Энэ нь хотын төвөөр цуваагаар явж ачаалал болохгүй зүгээр санагдсан.

Замаараа баг багаараа дэлгүүр орж, цайлж, бензин тос хийсээр яваад хотоос 200км орчимд нэг тосгонд 15:00 цагт ирж эхний 4SS нээсэн. SS нь 3 нь маневр, нэг нь орох, гарах дээрээ шавартай ерөнхийдөө хөнгөн талдаа SS үүд байлаа. Машинууд нь жигд сайн, илт сайн, илт муу машинууд байхгүй жигдхэн 27-28 баг үзэж байна.

Машины хурд, хүч, тэсрэлт яриад байх юм алгаа. Ихэнх нь дугуйгаа залж байна. Залсан дугуйгаа тормозолж байна. Бусдаар манайхнаас хол тасрахаа юм алгаа. Харанхуй болж SS хаагдаж, бүгд campsite руугаа ирэн байрлаж байна. Саравчинд ортой, орон дээрээ ялаа шувуулны хамгаалалттай унтацгааж байна!

Машины бяр их нэлээдгүй баг урд, хойд дифф ээ задалсан харагдаж байна. Ноднин RFC-д ч ийм эвдрэлүүд их гарч байсан. Явах эд анги нь мотороо дийлэхгүй л байгаад байна даа манай төрөлд

Photo by: Casper Watt


DAY 2

Өглөө 05:00-т босож, цайгаа уугаад багууд ээлжлэн гарсаар 09:00 цагийн үед хөдөллөө.

Өнөөдөр ширэнгээр 200 орчим км явсан. Зам шавартай, устай, том голоор гаталсан г.м бартаагаар явж ирлээ. Манай 5 одоо хүртэл DAY2 Camp дээр ирээгүй байна. Багууд цувж ирсээр байна. Өнөөдөр #competition ангилалд SS байхгүй бөгөөд, энд хоноод маргааш өглөө 2 SS тэй гэсэн мэдээлэл авсан. Цаашаа зам илүү хүндэрнэ гэж ярьж байна.

Уралдааны машинаараа дараагийн SS болох газар луу ингэж хол явна гэдэг чанга, сонирхолтой санагдаж байна. Энд зөвхөн уралдаанаас гадна маш том цогц арга хэмжээ, аялал жуулчлал явагдаж байна!

Дэлхийн 14 орны 640 -н оролцогч оролцож байна!

Photo by: Casper Watt


DAY 3

Өчигдрийн төлөвлөгөөгөөр өнөөдөр 2SS ороод дараагийн 20км хүнд бартаатай зам руу хөдлөх байлаа. Өглөө зарим багууд ирж амжаагүй учир өдөр 13:00 цаг хүртэл хүлээж 4SS нээж эндээ дахин нэг хонохоор боллоо. Энэ тал дээр харьцангуй уян хатан байдаг юм байна.

Өнөөдөр л тухтай машинууд сонирхож, аль тамирчин хэр явдгийг бага зэрэг гадарлаж эхэлж байна. Эхний өдрийн 4SS -р 228 -1т, өнгөрсөн жилийн аварга 133-2т явж байлаа. 228 эхний SS дээ орж DNF авснаар байрлал нэлээн өөрчлөгдөж байх шиг байна. Орой 22:00 цагаас шөнийн 2SS орлоо. 2 хөнгөн SS дээр тамирчид өндөр хурд, жолоочийн скилл харуулж байна. Дизел машинууд шон тойроод буцахдаа утаандаа төөрчих гээд хэцүү байлаа 🤪

SS нээхээс өмнө цаг зарлаж, тамирчид тэр цагт хоцрохгүй цугладаг юм байна. Завсарлага болгоны дараа хэн хэдэн оноотой явж байгааг зарлаад байх шиг байна, мөн галын хорны оронд өнгийн карт тараан оочиж авдаг юм байна. Эхний хэдэн машинуудыг сугалаагаар шийдээд байх шиг байна, одоогоор яг учрыг нь олоогүй л байна.

SS ийг орох тамирчдад замыг тайлбарлаад 1 минут өгөөд шууд тамирчдыг эхнээс нь дуудаад эхэлж байна. Шүүгчийн хэсэг туузаар хүрээлэгдэж, түүн лүү тамирчдаас өөр хүн орохгүй SS цаг, хяналтын шүүгчдийн ажиллах нөхцөлөөр хангаж өгч байна. Хүндрүүлсэн бартаа, замд 2-3 шүүгч камертай хяналт хийж байна. Нэг SS дээр 5-6 шүүгч ажиллаж байна.

Тамирчин торгуулиа аваад бартааг тойрох зорилготой шон дайрахыг зөвшөөрч байна. Хэрэв өндөр торгууль өгөхийг хүсвэл 2 шонгийн хооронд 2-3 тууз татсан байна. Магадгүй энэ нь тасалсан, дайрсан тууз бүрээр оноо хасах байх.

SS дээр хулдаасан хэвлэлээр цаг бичих самбар хэвлэж тавьсан байгаа нь маш зөв шийдэл санагдлаа. Арилдаггүй маркераар тамирчны оочих дараалал, явсан цаг, торгуулийг тэр дор нь бичиж байна.

Одоогийн байдлаар 20SS -c 10SS орж тэмцээн дундаа орж байна. Маргааш өглөө 2SS орж, дараагийн байрлах газар лугаа хөдөлнө. Эндээс 2 баг, 4 сервис машинтайгаа маргааш буцахаар болсон, учир нь сервис машинуудынх нь винч эвдэрсэн цаашид замаа үргэлжлүүлэх боломжгүй болсон.



DAY 4

Өнөөдөр SS11, SS12 эхэлж, зарим багууд SS үзэхгүй эртхэн замдаа гарлаа. Учир нь маш хүнд 20км зам биднийг хүлээж байгаа. Манай баг SS үүдийг дуусгаад 14:00 цагийн үед отгоос хөдөллөө!

Маш олон баг явж байгаа учир бартаан дээр түгжрэл ихтэй, өглөө 9:00цагт хөдөлсөн баг орой 20:00 цагт 20км замаа туулж дараагийн station дээр ирсэн.

Багуудын зохион байгуулалт: Багийн бүх гишүүд станзад холбогдож, бүх баг бартаанаас гарсан тохиолдолд баг тухайн бартаанаас хөдөлнө. Тэгэхдээ дараагийн багийн 1, 2 машиныг бартааг гаргаж өгч гадас болгож өгөөд цааш замаа үргэлжлүүлж байна. Зам зөрөх, 2 эгнээ болох боломжгүй, өмнөх багийн машин эвдрэх, саатах, хооллох зэрэгт арын баг тэвчээртэй хүлээж байна. Pro машинууд PTO оор багийн гишүүдээ бартаанаас хурдан гаргаж өгч байна. Багийн машинууд эвдрэх, винчгүй болсон тохиолдолд дараагийн station -с буцдаг юм байна. Баг дундаа гал тогоотой, мөн эмчтэй, өдрийг 2-3 хооллож байна. Жилд нэг удаа зохион байгуулагддаг ОУ-н арга хэмжээ, багууд техник хэрэгсэл, бэлтгэл сайн байна.

Jungle: гол нь матартай, уул нь зэрлэг заан, гориллотой, шумуул нь маларри. Сонсоход аймшигтай л юм. Ирээд явахад асуудалгүй сайхан л байна 😁 Гэхдээ бид нар жаргасан ард түмэн шүү, энд jungle байгаа хэдий ч, замаас 2 алхам гарах боломжгүй, жижигхэн замын хэсэгтэй хашигдаж, дураараа явах боломжгүй нь давчдуулах юм.

Энэ төрлийн аялал жуулчлал Монголд хөгжих бүрэн боломж байна, тэр дундаа өвлийн аялал хөгжүүлбэл бүрэн боломжтой санагдаж байна. Манайд тоноглосон олон машинтай хүн байдаг, ашиглалт маш бага. Зуны нэг уралдааныг аялалтай холбож, зөвхөн уралдах биш, гэр бүлээ аваад, уралдааны машинтайгаа хэд хоног аялаад, уралдаад орон зай бидэнд байна. Цаашлаад гаднаас жуулчин татах, наанадаж аяллын соёл, багийн ажиллагаа хөгжүүлэх. Ингэж тааваараа явж уралдах, аялах маш тааламжтай санагдаж байна. 



DAY 5

Өнгөрсөн шөнө ихэнх багууд оройтож ирсэн. Зарим нь замдаа хоносон. SS13, SS14 11:00 цагт эхэлсэн. SS13 удах тусмаа хүндэрдэг, SS14 удах тусмаа хөнгөрдөг SS - үүд байлаа. Эхний 14SS дараагийн байдлаар 1-118, 2-133 өнгөрсөн жилийн аварга, 3-121 бичигдэж байна. SS хааж, маргааш өглөө 8 цагт дараагийн #campsite луу хөдлөхөөр болсон.

Техникийн зөвлөгөөн дээр өдөр өдрөөр нь сугалаа сугалдаг гэж ойлгосон. Жишээ нь 2SS тэй өдөр байлаа гэхэд 28 баг 14, 14 өөрөө 2SS -д хуваарилагдана. 1-1 сугалсан баг, 2-15 дээр, 1-2 сугалсан баг, 2-16 дээр гэх мэтээр SS эхлэхэд бүх багуудыг дарааллаар нь самбарт бичиж дуудна. SS дээр 5 мин дуудаад ирэхгүй бол DNS өгдөн гэж ойлгосон. Энэ нь нэг бодлын амар ч машинд саатал гарсан тохиолдолд DNS авах магадлал ихэснэ! Borne Safari дүрмийн талаар өөрийн ойлгосноороо дараа тусдаа нэг нийтлэл бичнээ. Ирж уралдахаар сонирхож байгаа тамирчдад хэрэг болж магадгүй

Тэмцээний талбай дээр SOS машин шаардлагатай бүх байрлалд байрлаж байна. Шаардлага гарсан тохиолдолд PTO той SOS машинууд түргэн шуурхай ажиллаж, замыг чөлөөлж байна. Олс хүндрүүлэгч, бусад хамгаалах хэрэгслийг торгуулахгүйн тулд биш бүх нөхцөлд хэрэглээд сурсан байгаа нь сайшаалтай байлаа

#borneosafari тэмцээнд оролцогч #competitor багийг дээд тал нь 3-н #supportcar дагаж явах боломжтой. 



DAY 6

Өглөө 8:00 цагт эхний багууд дараагийн #campsite луу хөдөлсөн. Уралдаж байгаа 23-24 багийн арын алба, зохион байгуулагч, шүүгч нар нийлсэн 150-д машин #jungle -д нэг винчдэж гардаг жалганд өдөр болтол түгжрэв. Өдөр 15:00 -н цагийн үед Tongod тосгонд ирэхэд SS15, SS16 эхэлсэн байлаа. Нутгийн иргэд олноор үзэж сонирхохоор ирсэн байсан. 2SS нилээн урт, сонирхолтой байсан. SS15 ийн гүнзгий усаар заавал винчдэж гарах дүрэмтэй байсан. Өөрөөрөө гарсан машин DNF авна. Энэ нь зарим тохиолдолд их зүгээр санагдсан. Аюулгүй байдал, штүрмэний ажиллагааг шалгасан

SS16 дараах байдлаар 1-133, 2-121, 3-118 орсон байдалтай байна. #team118 SS16 дээр #toptime хийсэн боловч өндөр торгуультай шон дайрч, тууз тасалснаас болоод 60 оноогоор торгуулсан харагдсан. Энд өндөр оноотой шонгуудыг олон туузаар холбож, хэр олон туузаар холбосноос хамаарч х10 торгууль тодорхойлогддог юм байна. Сонирхолтой дүрэм!

Borneo Safari 2025 оны #campsite сүүлийн шөнө хөл хөдөлгөөн ихтэй орой байлаа. Маргааш өглөө 8:00 цагт 4SS эхэлж, SS хаагдахад бүх баг тамирчид Kota Kinabalu руу хөдөлцгөөх болно. Нөгөөдөр 17:00-с шагнал гардуулах ёслол болно! Өдрийн тэмдэглэлээ интернэтгүй нэг өдрөөр хоцорч байсан, гүйцэж авлаа

Техникийн хөгжил, тэмцээн зохион байгуулалт, тамирчдын скилл, сэтгэл зүйг өөрийн хэмжээнд хэзээ нэгэн өдөр бичих болноо…



DAY 7

Сүүлийн 4SS хийж байгаа газар гол устай, орчин сайтай газар болсон. Тамирчид SS болох газар ирж хоноцгоосон байсан. Бид над #campsite дээрээсээ 5км орчим явж ирсэн.

Сүүлийн 4SS -н нэг нь хүнд, нэг нь дунд зэрэг, 2 нь хөнгөн буудааны SS байсан. Эхний 3-ын төлөөх өрсөлдөөн маш ширүүн болсон. #team118 SS18 луу 1-р орж DNF авсан. Ингээд #team133 болон #team121 хооронд аваргын өрсөлдөөн үлдсэн. Гэвч #team121 SS19 -д орохдоо гараа барианы шонд хүрснээс болж 30 оноогоор торгууль тухайн SS дээрээ 33 оноо авч аваргын өрсөлдөөнөөс хасагдсан. Ингээд 133 аварга болох нь тодорхой болсон.

Дүрэм: Манайд гараа барианы шонг унагаагаагүй, тууз таслаагүй бол торгууль авдаггүй. Харин Borneo Safari -д бол шон, туузанд хүрэхэд л 30 оноогоор торгодог юм байна. Энэ нь гараа, бариан дээр өндөр хурд гаргаж үзэгч, шүүгчийг эрсдэлтэй байдалд оруулахаас хамгаалсан дүрэм байна. Тамирчид маш няхиур гараа, бариандаа орж ирнэ гэсэн үг.

SS18 дээр эхний 2 баг DNF, 4-с хойд 6-7 баг дарааллан DNF авсан, сүүлдээ зам нь эвдэрч багууд өндөр цаг үзүүлэх боломжтой болсон. Өнөөдөрийн SS үүд дуусаж бүгд гэр гэрийн зүг хөдөлсөн.

Photo by: Casper Watt

DAY 8 CLOSING DINNER

1500 хүн оролцсон “CLOSING DINNER” 18:00 цагт эхэлсэн. Төсөөлж байгаагүй том хаалтын арга хэмжээ, бүх зохион байгуулагч, ивээн тэтгэгч, зурагчдыг алдаршуулсан, дурсгалын зүйл гардуулсан мөн сугалаатай урт хөтөлбөр. Гайхалтай байсан!

3-р байранд 121 дугаартай баг, Аварга авах бүрэн боломж байсан ч сүүлийн өдөр алдаа гаргаж 3 луу үсэрсэн. 121 багийнхан найрсаг, хөгжилтэй дажгүй залуус байсан. Дараа дараагийн уралдаанд нь өндөр амжилт хүсье!

2-р байранд 118 дугаартай баг. Мөн адил сүүлийн SS18 дээр 1-р орж DNF авч өрсөлдөөнөөс гарсан боловч бусад 3SS дээр өндөр цаг үзүүлж нэг байр урагшилсан байсан. SS18 дээр DNF аваагүй байсан бол тасархай аваргалах байлаа!

1-р байранд 133 дугаартай баг. Сүүлийн 3-н жил дараалан аваргалж байгаа анхны баг. Аргагүй #legend юм аа, 133 хийгүй, нягт явдалтай юм билээ!

28 тамирчин оролцсоноос эхний 10 байр шалгаруулж шагнал гардуулсан. 10-р байрны шагналын сан 8.2 саяас эхэлж, 1-р байрны шагналын сан 98 сая төгрөг. Нийтдээ 300 -д сая төгрөгийн шагналын сан эхний 10-н байранд өгч байсан. Манай төрөлдөө дэлхийн No1 шагналын сантай байх гэж би хувьдаа бодож байна! Манайд ивээн тэтгэгч нарын өгсөн шагналын үнийн дүнг тооцдоггүй, нарийн тооцоод өгвөл бас зүгээр юм билээ!

Photo by: Casper Watt





Wednesday, October 15, 2025

УЛС УЛСЫН АВТОМАШИНЫ СТАНДАРТ

Улс бүр уралдааны онцлог, аюулгүй байдлаас хамаарч автомашины стандарт өөр өөр байдаг. Тухайн улсад очиж уралдахыг хүсвэл автомашины стандартаа тухайн уралдааны стандартад тохируулах хэрэгцээ үүсдэг.

Нэг жишээ дурдахад 2024 онд RFC Baikal -д очиж уралдахад манай багын машин өмнө 2 жил ямар ч асуудалгүй тэнцдэг байсан, гэвч техникийн үзлэгт тэнцээгүй. Учир юу вэ гэсэн кабины дотор талд тор байж болохгүй гэсэн. Өмнө жилүүдэд тэнцэж байсан яагаад тэнцэж болохгүй байгаа вэ гэж асуухад техникийн үзлэгийг шүүгч манайх GS болсон, зэрэглэл өссөн учир тэр дүрмээр танай машин тэнцэхгүй байна гэсэн.

Малайзад ОХУ-н RFC холбооны тэргүүн, зэрэг маш олон хүний бүрэлдэхүүнтэй баг GRAND FINAL-д оролцож байсан. Малайзад автомашины ковер дээр стандарт байдаггүй юм шиг байсан, ямар ч ковер хамгаалалт байхгүй байсан. Би ОХУ-ын шүүгч нараас асуусан. Яагаад энд ийм байгаа вэ? Яагаад танайд бид тэнцэхгүй байгаа вэ? гэж асуухад. Бидний автомашины стандарт дотроо нь хүн сууж явахад зориулагдсан стандарт, Малайзыг бид мэдэхгүй байна. Та хүсвэл Малайзад ирж уралдаж болно. ОХУ-д бол манай стандартыг хангасан машин л уралдах боломжтой, танд бүх зүйл нээлттэй байгаа гэж миний амыг тагласан. Бодоод байсан ОХУ-ын стандарт хүнд ээлтэй, аюулгүй байдлаа нэгдүгээрт тавьсан дүрэм, журамтай санагдсан.

RFC Grand аваргын машины дотор тал

Чанга хатуу дүрэмтэй ЕВРОП-н тамирчны машины дотор тал

Эндээс харахад Европоо, ОХУ-с тамирчид Малайзад ирээд уралдахад машины стандарт ямар ч асуудалгүй тэнцэж байна. Эсрэгээрээ Малайзаас ОХУ, Европт очиж уралдахад машины стандарт аль ч улсад тэнцэхээргүй байна. Манайх тамирчдынхаа аюулгүй байдлыг бодох, цаашлаад аль улсад тамирчид очиж уралдах боломжтойг судлан стандарттай нь ойртуулж барьвал тамирчдад хүндрэл бага учирна! Үргэлжлэл бий ....

RFC ASIA TRAIL FORMAT

RFC ASIA TRAIL FORMAT - нь ОХУ-ын GS(Global Series) тэмцээнүүдэд ашигладаг дүрэм юм. Малайзын GRAND FINAL дүрмээс бага зэрэг хатуу энэ дүрэм нь жолооч, штүрмэн, үзэгчийн аюулгүй байдлыг 1-р тавьдгаараа онцлогтой. RFC Baikal - тэмцээн нь 2024 оноос эхлэн GS тэмцээн болсон. Энэ цагаас эхлэн дүрэмд өөрчлөлт орж энэ форматыг ашиглаж эхэлсэн.

Монгол улс 2018 онд ОУ-н RFC холбоонд элсэж орсон. 2019 онд анхны RFC Mongolia -г зохион байгуулаад аль хэдийн 6-н жил болжээ. Covid -н жил дуусаад 2022 онд RFC Mongolia Bulgan Khangai - нэртэй олон өдрийн супер тэмцээн зохион байгуулаад тэрнээс хойш энэ төрлийн тэмцээнийг холбооноос зохион байгуулаагүй.

2022 оноос хойш үндсэндээ Дорнод холбоо 2 удаа RFC зохион байгуулсан, бусад бүх тэмцээн #sprint буюу бөөн гараатай тойрог замын уралдаан болж хувирсан. Ингэснээр бидний машины бүтэц өөрчлөгдөж том, урт, хүнд болж ирсэн. 2019 онд холбооны бодлого гарч бид RFC төрлөөр хөгжинө, дэлхийд өрсөлдөнө гэсэн алсын хараа, эрхэм зорилгоо баталсан юм билээ. Энэ маань өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй орхигдсоор ирсэн байна.

#SPRINT #CROSS - төрөлд манай машинууд хэр тохирох вэ? Бид энэ төрлөөр машинаа хөгжүүлбэл юунд хүрэх бэ? гэсэн асуултыг тэмцээн зохион байгуулагчдаас асуумаар санагддаг. Ингэж тэмцээн зохион байгуулах нь шүүхэд амар, хурдан дуусдаг болохоор бүгд энийг сонгоод байна гэж хараад байгаа.

  • Манай машинуудын ихэнх нь 40inch том, 80км/ц дээш хурдлахад зориулагдаагүй extrema offraod дугуйнуудтай. Энэ нь өндөр хурд гаргах боломжгүй. Мөн өндөр хурдтай эргэлт, шарвалтад том том эвэрнүүд нь аваад шидэх өндөр эрсдэлтэй. Тэгээд ихэнх нь шилгүй уралддаг. Тэр том том хээнээс арын машин руу том том чулуу мод, шавар авч шиддэг. Түүнд нь оногдуул юу болох вэ? Ралли, кросс машинууд тэр жижиг дугуйнд ямар шаварын хаалт хийж арын машинаа хамгаалдаг билээ? Яагаад ч энэ дугуйтай өндөр хурд, бөөн гараа тохиромжгүй АЮУЛТАЙ!!!
  • Дугуйнууд их биеэс ил гарсан байрлалтай. Байрлал, зам булаацалдаад шахалцахад нэгийгээ авч шидэх өндөр эрсдэлтэй.
  • Манайхан бүгд зам онохгүй цилиндр рулын системтэй. Энэ нь 80-с дээш зам онохгүй гуйвдаг, өндөр хурданд контрол алдах өндөр эрсдэлтэй. АЮУЛТАЙ!!!
  • Карказ, каск, бүс-ны стандарт өндөр хурданд зориулагдаагүй. Хэрвээ 100, 120 той явж байгаад нэг машин бөмбөрхөд аюулгүй байдал хангагдаагүй АЮУЛТАЙ!!!
  • Өндөр хурд гаргахад тэнцүүлэгчтэй машин маш цөөхөн. Машины хүндийн төв дээр
  • Бөөн гараанд штүрмэн машинаас бууж зам дээр зогсдог. Штүрмэн өндөр эрэслэд дунд зогсож байгаа юм. Зөндөө аюултай зүйл тохиолддог биднийг АЗ ивээсээр л байгаа!
Яагаад RFC төрөл, Borneo -ын тэмцээнүүд бөөн гараа байхгүй нэг нэгээр нь гаргадаг. Машины чадамж, жолооч, багын ур чадварыг бүгдийг нь шалгаж чадаж байна. Яагаад ОХУ зөвхөн RFC холбооны тэмцээнийг улс даяараа зохион байгуулж байна. Энийг нэг бодомж үзэх хэрэгтэй байх



Жил бүр манайхаас RFC Baikal -д тамирчид очиж оролцдог. Бидний машины хийц өөр, туршлага дутуу, дүрэм өөрөөс болоод амжилт гаргаж чаддаггүй. Миний мэдэхээр ЧАРА хийгдээд 3 дахь жилдээ болж байна. Одоо яг энэнтэй адилхан ЧАРА2, ЧАРА3 гээд гараад ирсэн. Энэ машинууд зөвхөн RFC төрөлд зориулагдсан тэсрэлттэй, маневр сайн, намхан, нарийхан, хөнгөн байж чадаж байна. Бидэнтэй зэрэг, биднээс хойш эхэлсэн ЧИТА-с ирж оролцдог тамирчин өнөөдөр ОХУ-ын АВАРГА болсон, өнөөдөр RFC Grand Final руу өрсөлдөхөөр явж байна. 

Яагаад ингэж хурдан сайжирсан бэ гэвэл? Жилд энэ төрлийн уралдаан ОХУ-д 20 гаран болж байна. Зөвхөн энэ төрлийн уралдаанаар хичээллэж байгаа учраас машины хөгжил, тамирчны ур чадвар нүдэн дээр биднээс тасарч байна. Машин нь тийм дэлхийн тулсан брэнд, тоног тун ховор. Манайд хүрээд ирвэл хийгээд өгнө 50-60 сая төгрөгөөр бүтнэ гэх, зэрэг мэдээллүүд өгдөг.

2025 оны RFC Baikal-д холбооноос НБД Бямбаа явж энэ байдлыг нүдээр харж, дүгнэлт хийсэн. Тэгээд сүүлийн тэмцээнүүд RFC Asia Trail Format -р зохиогдож байгаад би хувьдаа маш их баяртай байгаа. Жилд манайд 10-11 тэмцээн зохион байгуулагдаж байна. Үүний ядаж 5 нь RFC format -р зохион байгуулагдаад байвал манайхан дэлхийд өрсөлдөх боломж нээгдэж ирнэ. Тэр дундаа RFC Baikal -ын өмнө 2 тэмцээн RFC Format -р хийгдвэл бид формтой очих болно.

Бидний нэг онцлог уралдаан бол ЗЭРЛЭГ юм. Бид энэ төрлийг хөгжүүлэх боломжтой ч жилийн бүх тэмцээнүүдийг ЗЭРЛЭГ шиг зохион байгуулах ОРОС шиг их мод, Малайз шиг их ширэнгэ байхгүй учир боломжгүй. Бидний хөгжүүлэх нэг том төрөл бол RFC төрөл гэж хардаг.

Энэ чигээрээ цаашид хөгжүүл чадвал манайхан багаараа очиж RFC Baikal аварга, RFC Tiger Trail аварга, RFC Grand Final аварга болох өдөр удахгүй ирэх байх гэж найдаж байна! Ингэснээр гаднаас ч манай RFC Mongolia тэмцээнд оролцох тамирчид олон болох болно!


Monday, May 19, 2025

SCORPION 4X4 2025

    MONGOLIAN PAJERO CLUB-н зохион байгуулсан SCORPION 4X4 2025 хэт бартаат замын тэмцээн Алтан элс карьерт амжилттай болж өнгөрлөө. Тэмцээн TR1 TR2 TR3 гэсэн 3-н ангиллаар болсон.


    Жил бүр л MONGOLIAN PAJERO CLUB тэмцээн зохион байгуулах цензурийг маш өндөр тогтоож өгдөг. Энэ жилийн тэмцээн мөн адил зохион байгуулалт маш өндөр түвшинд болж өнгөрсөн гэж үзэж байна. Тэд тэмцээнийг яаж хийдгийг мэддэг болжээ. 


Зохион байгуулалтаас цухас дурдвал.
  • Замын бараг бүхэлд нь дугуй, туузаар тусгаарлан уралдахад ойлгомжтой болгосон. Туузын өндөр хүртэл дээр анхаарсан байсан. Маш их хүч хөдөлмөр, сэтгэл
  • Үзэгчийн тэмцээн үзэх хэсгийг маш сайн зохион байгуулж, ойроос мөртөө аюулгүй зайнд зохион байгуулсан. Үзэгчийн харууц сайн байсан. Цагдаа нарыг зөв байрлалд байрлуулж, шаардлага тавиулж байсан.
  • Үзэгч, тамирчдын арын албаны машин техникийг үзэгчдийн талбай руу оруулаагүй нь аюулгүй байдал, тоос шороо босох нөхцөлийг буруулсан байсан.
  • Ивээн тэтгэгч нараа талбайд байрлуулж, сурталчилгаа хийлгэх боломж олгож байгаа нь маш их таалагдсан.
  • Хоолны газрууд, хоолны нэр төрөл, хүртээмж сайтай байсан
  • 00-н асуудлыг боломжоороо шийдсэн байгаа байдал
  • Тайзнаас зарласан мэдээлэл талбайд бүхэлд нь сонсогдож байсан.
  • Олон ивээн тэтгэгч нар оролцсон, шагналын сан өндөртэй г.м тоочоод байвал маш олон зүйл ярихаар байна. Тэмцээн бол ОУ-н хэмжээнд зохион байгуулагдсан гэж дүгнэж байна. Дараа дараагийн тэмцээнүүд зохион байгуулалтаараа SCORPION 4X4 тэмцээнээс илүү биш гэхэд дутахгүй сайн зохион байгуулагдаасай гэж хүсэж байна.
    Үзэгчдийн эмоци, сахилга бат, талбай дүүргэлт, шагнал гардуулах ёслол хүлээж байгаа байдал үнэхээр манай спорт хөгжиж байгаа, эргэн ирж байгаа мэт санагдсан.


    Энэ тэмцээнээр манай тамирчдын ЧАНСАА ямар ойрхон болсон, ямар өрсөлдөөнтэй болсон нь бүгдэд харагдсан байхаа. Гараа болгон өрсөлдөөнтэй, өндөр темптэй, барианд 70-80 хувь нь ордог болсон. Тамирчны хувийн ур чадвар, уралдааны бэлтгэл үнэхээр сайжирсан нь харагдаж байна. Орон нутаг Өвөрхангай, Дорнод, Орхон г.м аймгуудаас хүчтэй баг тамирчид оролцсон мөн шинээр олон уралдааны машин гарсан, олон шинэ тамирчид нэмэгдэж орж байгаа нь онцлогтой байлаа. Энэ жил ч гал гарсан өрсөлдөөнүүд болох шинжтэй!

Ойрд харагдаагүй олон TR1 ангиллын баг тамирчид. TR1 ангилал өрсөлдөөн ихтэй, тамирчин олонтой байж, олон шинэ залуус TR2, TR3 ангилал орно. Энэ бол манай спортын хөгжлийн зам гэж боддог.

Энэ удаад ангилал бүрээс нэг тамирчин онцлохоор шийдлээ:

TR1 - Сонирхогчийн ангилал Эрдэнэбат, Бат-Эрдэнэ нар байлаа. Сток УАЗ469 өөр олон жил уралдаж байна. Орсон бүх тэмцээндээ өрсөлдөөн үзүүлж чаддаг авьяастай, сэтгэлтэй мундаг тамирчид. ОУ RFC Baikal 2024 тэмцээнд ангилалдаа медаль хүртэж байсан. SCORPION 4X4 2025 тэмцээнд TR1 ангилалдаа АЛТАН медаль хүртсэн, баяр хүргэе! Цаашдын уралдаан тэмцээнд нь өндрөөс өндөр амжилт хүсье! Кросс-т уралдахаар машин бэлдэж эхэлж байгаа гэж сонссон болиорой 2 оо :D


TR2 - Modified ангилал ZEUS Team СДМ Баттөгөлдөр, Бат-Эрдэнэ ах дүү 2 байлаа. Жолооч Баттөгөлдөр нь TR3 ангилалд штүрмэнээр уралддаг байсан. 2023 оноос ах, дүү хоёр TR2 ангиллын шинэ машин хийж уралдаж эхэлсэн. SCORPION 4X4 2025 тэмцээнд TR2 ангилалдаа МӨНГӨН медаль хүртсэн, баяр хүргэе! Цаашдын уралдаан тэмцээнд нь өндрөөс өндөр амжилт хүсье!


TR3 - Team29 ХАР АЗАРГА - Аззаяа, Мөнх-Эрдэнэ нар байлаа. АВАРГА бол АВАРГА л байдаг гэдгийг батлан харууллаа. Энэ өндөр темп, шинэ үеийн машинууд, өрсөлдөөн дундуур финалын гараанд хойноос орж ирээд бартаа, саадуудыг торохгүй гарч түрүүллээ. ХАР АЗАРГА болоогүй шүү гэдгийг дахин нэг үзүүллээ. Team29 зөвхөн ганц машин сайн байгаад, зөвхөн жолооч сайн байгаад явдгүймаа гэдгийг олон жил харуулж байна даа. Team29 хар азарга, жолооч, штүрмэн, арын алба жигд супер. Удахгүй шинэ машин хийх сураг сонсогдсон. Цаашдын уралдаан тэмцээнд өндөр амжилт хүргэе!


Заа хэтэрхий нурших гээд байгаа учир энэ хүрээд бичвэрээ өндөрлөж байна. Сайхан тэмцээн зохион байгуулсан нэг зүгт харж чаддаг Болор тэргүүтэй MONGOLIAN PAJERO CLUB-н хамт олондоо дахин баяр хүрье! Баярлалаа!

Ирэх жил SCORPION 4X4 10-н жилийн ойн тэмцээний замын зохион байгуулалтад дараах зүйлийг анхаарч өгөхийг хүсэж байна.
  • Сугалааны ёндой маш чухал үүрэг гүйцэтгэж байгааг багасгах. Гарааны зам дээр зэрэг зогсож багтахгүй байгаа учир техникийн зөвлөгөөнөөс хоцорсон, ирээгүй тамирчдыг 2-р эгнээнээс гаргадаг болох, эсвэл овгор шорооноос зайтай гаргах. Сугалаа сугалаад 2-р эгнээнээс гарах нь маш том шийтгэл болж байсан. Овгор шороон дээр ихэнх гарааны байрлал тодорхой болж байсан.
  • Өмнө жилүүд шиг эхний тойргоо 3 тойруулж бартаан дээр цувуулж ирэх нөхцөлийг бүрдүүлбэл зүгээр санагдсан. Энэ жил бөөн бөөнөөрөө орж ирээд зарим хаасан зам дээр түгжрэл үүссэн.
  • Финалын гараанд нэг бартааг үлдээж, 7км явж ирсний дараа тэр бартаа лугаа оруулж өрсөлдөөнийг илүү гаргавал зүгээр санагдсан.

Tuesday, March 25, 2025

Gladiator 4x4 Team Mongolia

GLADIATORG 111 -ын талаар сонсож, уралдааны зарим бичлэг үзэж байсан. Гэхдээ 2023 оноос эхлэн холбооны тамирчдын тэмцээний бүртгэл, онооны жагсаалт, allrank гаргахад нь миний бие бүртгэлд нь тусалж, гар бие оролцсон. Тэгэхэд анх Хүрэлчулуун, Цэнгэлхүүг бүх цаг үеийн жагсаалтад одоог хүртэл дээгүүр байранд байгааг хараад ямар чансаатай тамирчид, баг болохыг анзаарсан. Тэгээд энэ багийн талаар бага багаар судалж, чих тавих болсон.


GLADIATORG 111 баг 2019 он хүртэл та бидний мэдэх DICTATOR нэртэй байсан. Жолооч Хүрэлчулуун 2019 оны ярилцлага дээр 6 жил уралдаж байна гэж байсан. Тэгэхээр 2013 оноос эхлэн энэ спортод орсон гэж ойлгосон. Багийн гишүүд 2018 онд RFC Grand Final -ыг очиж үзэн туршлага судалж 2019 онд GLADIATORG нэртэй машинаа хийж эхэлсэн байдаг.


2019 онд хийсэн машин гэхэд өнөөдөр буюу 2025 онд хийж байгаа машинуудтай үзүүлэлт адилхан байгаа нь гайхалтай!

Техникийн үзүүлэлт 2019 он:
  • Бүхээг (Jimny Santana)
  • Рам (Jimny Santana)
  • Хөдөлгүүр (3S-GTE) 2000cc Turbo Intercooler
  • Хурдны хайрцаг (Land Cruiser-70 series)
  • Тэнхлэг (Land Cruiser-80 series)
  • Урд хойд тэнхлэг, таван бул, хагас гол, хацар, зүрх араа (Nitro Gear)
  • Редуктор (Nitro Gear 5.29)
  • Дугуй (Maxxis M90/60, 38 inch)
  • Обуд (Bradley Engineering)
  • Winch (Comeup 12000LB, Pto)
  • Winch олс (Synthetic)
  • Амортизатор (XTR)
  • Жолоодлогын систем (PSC)
  • Суудлын даруулга бүс (TAKATA 4 цэг)


Жолооч: Спортын Мастер Хүрэлчулуун -нь оффроадад уралдахаас гадна RC тэмцээн уралдаанд орж, зохион байгуулдаг байсан гэж сонсож байсан. RC нь яг л бодит машин шиг бүх зүйл нь тооцоололтой байдаг учир жолоодох скилл, ур чадварыг тэндээс олж авсан байх. СМ Хүрэлчулуун нь тухайн үедээ бол скилл, ур чадвар бол үнэхээр сайн байсан гэж зарим тамирчид ярьдаг. 

Миний хувьд 2018-2019 оны үед Даваатын давааны цаана найзын машин голд сууж, ганцаараа татаж гаргаж чадахгүй байхад СМ Хүрэлчулуунтай тааралдаж бидэнд тусалж байсан. Тухайн үед би ч сайн танихгүй манай найз Хүрэлчулуун аварга байна гэж байсан, би ч дуу цөөтэй, төлөв даруу мундаг хүн байна гэж тухайн үедээ бодож байсан. Миний хувьд одоо ч танилцаж амжаагүй, үүнээс цааш сайн мэдэхгүй.

2021 оны RFC Baikal -д оролцоод зодог тайлсан. Уралдахаа болиод бараг 4 жил, мөн дээр нь ковид 3-н жил нэмэхэд одоо оноогоор бүх цаг үеийн эхний 3-т жагсаж байна гэдэг СМ Хүрэлцулууныг хэр чансаатай тамирчин байсан гэдгийг ойлгох байхаа.

Штүрмэн: Спортын Мастер Цэнгэлхүүгийн талаар өмнө бичиж байсан учир нуршаад яахав гээд орхилоо.



GLADIATORG 111 - баг жинхэнэ мэргэжлийн баг, одоогоос 5-6 жилийн өмнө гэхэд
Багийн бүтэц: 
  • Багийн ахлагч: Гала
  • Жолооч: Хүрэлчулуун
  • Чиглүүлэгч: Цэнгэлхүү
  • Механикч: Бөхсайхан
  • Цахилгаанчин: Билэгсайхан
  • Медиа: Бат-Оргил Цогтсайхан
  • Спонсор: Skewers, Discovery AYLAL
2025 он гэхэд одоо ч тийм мэргэжлийн, бүрэлдэхүүнтэй баг бараг байхгүй гээд хэлчихэд болох байх. Мөн дээрээс нь нэмээд Gladiator 4x4 Team Mongolia нэртэй 10к дагагчтай фэйж хуудастай, машин нь нэртэй, логотой, өөрийг гэсэн өнгө төрх, имижтэй г.м дурдаад байвал маш олон зүйл байна. GLADIATORG 111 цаг үеэсээ 5 жил, магадгүй 10 жилээр урд явсан баг байжээ! Магадгүй өнөөдөр хүртэл уралдсан бол амжилт, оффроадын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан мундаг багуудын нэг хэвээр байх байсан гэдэгт эргэлзэхгүй байна!

Дэлхийд өрсөлдөхөөр бүтээв. /Gladiator 111 Team Mongolia/



Wednesday, February 5, 2025

ШОНХОР 4Х4 Challenge 2025

        ШОНХОР 4х4 Challenge 2025 амжилттай болж өнгөрлөө. Тэмцээн 2022, 2023 онд болж байсан газарт болсон. Тэмцээн 3-н гараа буюу #stage тэй болсон. Замын хувьд 2 гараа нь #cross, 1 гараа нь хүндрүүлсэн бартаатай байхаар төлөвлөсөн байсан. Тэмцээний гол дүрэм 3-н гарааны нийлбэр цагаар АВАРГА шалгаруулна.

        2025.01.25-нд 10-н цагт тэмцээн эхэлсэн. 1-р гарааг #team11 тэргүүлж барианд орсон, гэвч тамирчид болон шүүгчид тойргийн тоогоо тоолсон байсан боловч хөндлөнгөөс үзэгчид, зарим тамирчид 1 тойрог дутуу тойрууллаа хэмээн орж ирж тэмцээн будлиантуулж эхэлсэн. Үүнээс болж 1-р гарааны сүүлийн тамирчидыг 4 тойрсон, 5 тойрсон гэж маргалдаж шүүгчид самгардаж эхэлсэн, зарим тамирчид 6 тойрсон асуудал гарсан. Тэмцээний дундуур шүүгчдэд нөлөөлөх, шүүгчийн анхаарлыг өөр зүйлд сатааруулах нь ямар зүйл болдгийг бид харж болохоор байна. 1-р гараанд 8 тамирчин гарсан, гэвч 2 шүүгчийн цаганд 8-н цаг байх байсан боловч, 4-н тойрог, 5-н тойрог гэж дахин дахин цаг даруулаад олон цагтай болсон. Бичлэг үзэж байж аль тамирчны цаг, аль байна гэдгийг шалгаж байж хариу баталгаажихаар болсон. Гэвч тэмцээн дуусаад шууд хурал хийж шалгагдаагүй цаг зарлагдсан. Энэ нь бас тамирчдад эргэлзээ төрүүлж эхэлсэн.

        2-р гараа гарсан, эхний тамирчид бариандаа орж ирсэн хойно тэмцээний зам руу нутгийн иргэн гэх улаан машинтай хүн орж ирэн зам хааж зогсоод тамирчид руу чулуу шидэж эхэлсэн. #team28 болон #team93 луу. Үүнээс болж барианд ороогүй тамирчдыг уралдааныг зогсоосон. 

        Улаан машинтай иргэний уурыг өмнөх өдөр нь манайхны хэсэг бүлэг тамирчид зам дээр бэлтгэл хийж, маргаан үүсгэсэн гэж ойлгосон. #team28 луу иргэн бол маш том чулуу шууд чиглүүлээд шидэж байсан, оносон үгүйг сайн харж чадаагүй, тэр чулуу оносон бол тэр иргэн асуудалд орох байсан байхдаа. Эвсэл #team28 гомдол гарсан бол. За тэгээд иргэний гомдлын дагуу холбогдох байгууллагуудын хүмүүс нь ирж эхэлсэн. Экологи байцаагч гэсэн байхаа нэг эмэгтэй ирж тэмцээн зохион байгуулагчдаас зөвшөөрлөө үзүүлэхийг хүссэн. Зохион байгуулагч нар тамирчдад өмнө нь анхааруулж хэлж байсан, зөвшөөрлөө гар дээрээ аваагүй байгаа шүү, янз бүрийн асуудал гаргахгүй байхыг хүссэн, үзэгчид цуглуулахгүй шүү г.м. Тэмцээнийг нийтэд ил тод биш тамирчдын хүрээнд хийхийг зорьж байгаа нь мэдрэгдэж байсан.

        Холбоо тэмцээнээ зөвшөөрлийг 2 дүүрэгт хүссэн, холбогдох байгууллагуудад хүсэлт өгөн ирүүлсэн байсан. Энэ нь цагдаа, онцгой, эмнэлэг г.м Зөвшөөрөл өө цагыг нь тулгаж хүссэн үү, эсвэл зөвшөөрөл гаргадаг хүмүүс нь гаргаж өгөөгүй юу ямартай ч экологи байцаагчид үзүүлэх бичиггүй байсан. Хүсэлт хүлээн авсан тус хорооны байгаль орчны байцаагч, хорооны засаг дарга нь ирсэн байгаа харагдсан. Нарийн шинийн дэлгэрэнгүй мэдээллийг мэдэхгүй тул ингээд орхилоо.

        Холбоог бага зэрэг шүүмжлэхэд хөдөлж байгаа, ажил хийж байгаа ганц хүн л харагдах юм. Уул нь УЗ маш олуулаа, бас боломжтой ах нар байдаг санагддаг. Ганц эмэгтэй нь бүх ажлыг амжуулдаг, хийж байгаа ганц хүнээ бас дэмжээд явахгүй янз бүрийн асуудал гаргаж ажилд нь саад садаа болж байгаа харагддаг. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг шиг

        За эргээд тэмцээн лүгээ ороход. Тамирчид гадаа хүйтэнд удтал хүлээсний эцэст экологи цагдаа, гомдол гаргагч дүүргийн иргэн тухайн өдрийн гараагаа дуусга, 2 л гаргана шүү гэж зөвшөөрч хөөрхий тамирчид, зохион байгуулагч нарын нарыг гаргав. Нар хэвийж, дараа дараагийн гараа угаасаа болохоосоо өнгөрсөн байв. 3-р гараа, болон #modifeid ангиллын гараа гаргах болов. Гэвч 2-р гарааны сүүлийн тамирчид барианд ороогүй тэмцээн зогсоосон учир 2-р гарааг гаргахаас өөр аргагүй болов. Нэг зам дээр 2 удаа гарна гэдэг зарим тамирчдад давуу тал олгох нь ойлгомжтой. Гэхдээ гаргахгүй байх боломжгүй учир бүх тамирчдыг 2-р гараанд гаргасан байх. Яагаад гэвэл барианд орсон тамирчдыг гаргахгүй сүүлийн хэдэн тамирчдыг гаргасан бол барианд орсон хэдээсээ бага цаг үзүүлбэл тэнд юу болох вэ? За ингээд бүх гараа гарч дуусав. Тэмцээн цаашаа үргэлжлэх боломжгүй болсон учир тамирчид 3-н гараагаа замын эсрэг талаас нь тойруулаад цагаараа АВАРГА -аа тодруулах санал гаргаж байсан. Болсон бол энэ нь зөв л санагдаж байсан. Гэвч нутгийн иргэн та нар 2 гараа гаргах байсан, 3 гаргасан би гомдолтой байна хэмээн дахин зам дээр гарч ирсэн. Ингээд тухайн өдрийн тэмцээн цуцлагдаж бүх тамирчид хотын зүг хөдөлсөн.

        Тэргүүн 7-н цагаас тэмцээнд оролцсон тамирчдын хурал зарласан, цаашид яахаа шийдэхээр. Хуралд 15 16 тамирчин суусан гэж сонссон. Миний бие уралдаагүй учир хуралд очоогүй, өмнөх өдөр нь унтаагүй болохоор хариад шууд унтаад өгсөөн. Олонхын саналаар тэмцээнийг үргэлжлүүлэх шийдвэр гарсан гэж ойлгосон.


        Тэмцээн 7 хоногын дараа тамирчдын дунд цомхон болж өнгөрөв. Шинээр хийсэн зам маш их таалагдсан. Зам анги, хариуцсан хүмүүст нь баярлалаа.

        2-р гараа машины тэсрэл, жолоочын ур чадвар шалгасан зам байлаа. 3-р гараа бол жолооч, штүрмэн, машины чадал чансаа шалгасан зам байлаа. 17 машинаас 8 машин л тэр зам дээр замаа дуусгасан байсан. Эхний өдөр сайн цаг үзүүлсэн #team07 - 1р байр, #team59 - 3р байр. Тэд байраа хадгалж чадсан. Тэднийг гүйцэхэд хэцүү байсан. Гэхдээ #team100 хойноос 2 гараанд топ цаг үзүүлж 2-р байранд орсон. Аваргуудад баяр хүрье! Амжилт хүсье!


Тэмцээн шүүлт, шүүгчийн баг:
        Шүүгч гэж ямар хүн байх ёстойг эргээд нэг харвал. Бусдын нөлөөнд автдаггүй, улсаас батлаад өгсөн хуулийн дагуу тухайн асуудлыг шүүх, хуулийн дагуу тохирсон шийдвэр гаргадаг хүнийг хэлэх байх. Гэвч манайд яагаад тэмцээн болгон асуудалтай, маргаантай, дутуу дулимаг тооцоололтой дүн гараад байна гэхээр бидэнд баталж өгсөн удирдамж, тэмцээн бүрийн батлагдсан бүрэн дүрэм, журам байхгүй байгаагаас болж байна. Тийм зүйл байхгүй болохоор шүүгч өөрийн толгойгоор шийдвэр гаргаж алдаа гаргаж байна.
        Тэмцээн бүр дээр шүүх арга, шүүгчийн гарын авлага, тамирчны мөрдөх дүрэм, журам нь тодорхой байвал тухайн шүүгч бусдын нөлөөнд автдаггүй, юм уншаад ойлгочихдог хүн байхад л шүүчих юм байгаа юм. Тамирчид бүх дүрэм журмаа мэдэж байвал шүүгч худлаа шүүх боломжгүй болно. Ингэл бид дүрэм журмаар асуудлыг шийддэг болчвол энэ олон асуудлууд гарахгүй л байх юм шиг санагддаг.
        Өнгөрсөн тэмцээн дээр шүүгчид яагаад DNF авсан тамирчин хассан, энэ нь харах дүрэм журам байхгүй учраас шүүгч өөрийн үзэл бодлоор ийм шийдвэр гаргаж алдаа гаргаж байгаа юм. 2, 3-р байрыг сольж зарлах, DNF авсан тамирчин тэмцээндээ уралдах болсныг эрт мэдэгдэх асуудал бол хувь хүний асуудал. Түүндээ ч уучлал хүсэж харагдсан.
        Хараат бус хөндлөнгийн шүүгч байх ХАРДАЛ-т нь дэндсэн бидэнд бол уул нь харгүй зүйл байсан санагддаг. Холбооны удирдлагууд шүүхээр дураараа тэмцээний дундуур дүрэм өөрчлөөд, эргээд хариу үйлдэл нь удаан. Тэгээд холбооноос тамирчид уралддаг болохоор түүнийгээ дэмжлээ, энийгээ дэмжлээ гэсэн жив жув яриа тасардаггүй. Тиймдээ ч холбооноос тэмцээн шүүх сонирхолтой хүн байхгүй болсон. Клубүүдээс шүүгч гаргахаар өөр өөрийн клубүүдийн эрх ашиг байгаа учир ашиг сонирхол зөрчилтэй. Бас л бөөн ХАРДАЛТ явагддаг. 
        
        За тэгээд хүн ер нь өөрөөсөө л болдог гэдэг сайхан үг байдаг даа. Хэн нэгэн рүү буруугаа чихэж, орилж явсаар бид хөгжих биш, чулуун зэвсгийн үе лүгээ буцаж байна даа. Хэн тэгээд амь амьдрал биш хүмүүст хараалган ерөөлгөн ял авцан юм шиг энд зохион байгуулалт хийх гээд суугаад байхав дээ!!!

RFC Russia - R1, R2, R3 ангилал ерөнхий онцлого

RFC RUSSIA- тэмцээн 4-н ангилалтай байдаг. R4 ангилал нь винчгүй таг сток машинууд уралдаад байдаг. R3 ангилал нь винчтэй, бага зэргийн сай...