TR2 ангилал яригдаж эхэлснээс хойш 2 жил өнгөрсөн байна. Анх 2022 -оны 10-р сарын үед тамирчид цуглаж "Тамирчны Зөвлөл" байгуулж анх Холбооноос TR2 ангилал үүсгэж өгөхийг хүсэж байсан санагдаж байна. Бидний хүсэлтийг хүлээн авч Холбоо 2024 оноос TR2 ангилалтай болсон.
Анх TR2 ангилал үүсэж байхад л дугуйны размер дээр 35", 37", 40" тамирчид санал хуваагдаж байсан. Олонхын саналаар дугуйн размер 35" дээр батлагдсан. Энэ саналыг ч би хувьдаа дэмжиж байсан. Учир нь 40" -р батлагдсан бол TR3 ангилал 6 -н байр, медальтай болох мөн хэсэн бүлэг цөөн тамирчдад зориулсан ангилал шиг болох байсан санагддаг.
TR3 ангилалд хувьд дугуйн хэмжээ 40" + портал тэнхлэг зөвшөөрдөг учир миний бодлоор TOP түвшинд уралдахад техникийн нөхцөл маш их шаардлагатай санагддаг. Үүнийгээ дагаад САНХҮҮ маш их шаарддаг. Техникээ сайн тоноглосон, санхүү гаргах боломжтой тамирчид өндөр амжилт үзүүлэх магадлал ихэсдэг. TOP машинууд одоогийн байдлаар дор хаяж 150-200сая төгрөг зарцуулсан байгаа. TOP машинуудтай өрсөлдөхийн тулд энэ хэмжээний зардал гаргах, мөн урсгал зардал, тэмцээн уралдааны зардал гээд маш өндөр зардлууд гардаг. Энэ нь бидний хувьд ХОББИ юу? МЭРГЭЖИЛ үү? Хоббиндоо амьдарлаа зориулаад байгаа мэт санагддаг, ийм ч учраас олон тамирчид энэ спортыг орхидог. TR3 ангилал уралдаж байгаа тамирчид илүү мэргэжлийн болж, илүү мэргэжлийн баг арын алба, спонсортой болж хөгжинө гэж хардаг. Ингэж хөгжүүлж хоббигоо мэргэжил болгосон тамирчид илүү их амжилт үзүүлдэг болох цаг ойртож байгаа гэж хардаг.
Миний хувьд TR2 ангилал 35" дугуй, энгийн тэнхлэг зөвшөөрснөөр мань мэт шиг хоббигоороо уралдаж байгаа тамирчдад боломж олгож байгаа мэт санагдсан. Үүнийгээ дагаач энэ ангилал маш өрсөлдөөнтэй 2-3 жилийн дараа гэхэд TR3 ангиллаас олон тамирчинтай, өрсөлдөөн ихтэй, жинхэнэ чадвараараа өрсөлддөг ангилал болж хөгжих юм шиг санагддаг. Яагаад гэвэл техникийн нөхцөл нь харьцангуй боломжийн учир олон тамирчин TOP хэмжээнд өрсөлдөх боломжтой болно. Мөн жинхэнэ утгаараа хоббигоороо уралдах боломж гарч ирнэ. Энэ жил миний таньдаг нэлээдгүй хүн TR2 ангиллын машин бэлдэж уралдах сонирхолтой байгаагаа хэлж байсан. Миний хувьд TR2 ангилалд уралдах сонирхолтой байгаа. Одоо байгаа TR3 машинаа техникийн хувьд гүйцэхээ байхаараа нэг юм бодно гэж боддог. Учир нь би хоббиндоо бүх амьдарлаа, гэрийнхээ бүх санхүүг зориулах сонирхол байхгүй байна. Надад 80сая портал тэнхлэг авах, хэдэн 10 сая-р мотортоо турбо, компьютер тунинг хийх сонирхол, боломж байхгүй байна. Ийм боломж байхгүй байлаа гээд TR3 ангиллынхаа үргэлж баян ходоодонд яваад байхыг хүсэхгүй. Ийм учраас TR2 ангилал бол оффроүд автомашин сонирхдог хоббитой залуусын ЕРТӨНЦ гэж боддог. Үнэнээр боломжтой, цаг завтай, мөнгөтэй, багтай тамирчид TR3 ангилалд ороод илүү мэргэжлийн болоод үзэх боломж нь бүгдэд нээлттэй байгаа.
Энэ жил Латви улсын 101 дугаартай тамирчин RFC Grand Final 2025-д 35" дугуйтай, 70 тэнхлэгтэй, 1800 дизел турбо мотортой машинаар яаж Prototype ангиллын машинуудыг ялж болдгийг дэлхийн аварга дээр 44 stage дээр харуулж чадсан. Тэр машинд хурд, хүч, тэсрэлт, бартаа туулах чадвар бүгд байсан.



No comments:
Post a Comment