BORNEO SAFARI 2025 - Тэмцээн нь 33 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа ОУ-ын оффроад чалленж юм. Тус тэмцээнд ОУ-с баг тамирчид ирж оролцдог бөгөөд #participant ангилалд 600-н баг, #competition ангилалд 29 баг 8-н өдрийн турш ширэнгэд өрсөлдсөн. Манай улсаас 6 хүний бүрэлдэхүүнтэй анх удаа оролцсон.
DAY 1
05:00-08:00 Цаг хүртэл талбай дээр оролцогчид цугласан. Зарим баг өмнө шөнө нь ирсэн харагдсан. Талбай дээрээс оролцогчид нэг нэгээр хөдөлж, үзэгч иргэд маш олноор цуглаж, дэмжиж байгаа харагдсан. Зам гудам битүү болсон. Тухайн нээлт хийж байгаа газраас цуваагаар нэг нэгээр хөдөлж хотын захад очин баг багаараа уулзан цааш хөдөлж байсан. Энэ нь хотын төвөөр цуваагаар явж ачаалал болохгүй зүгээр санагдсан.
Замаараа баг багаараа дэлгүүр орж, цайлж, бензин тос хийсээр яваад хотоос 200км орчимд нэг тосгонд 15:00 цагт ирж эхний 4SS нээсэн. SS нь 3 нь маневр, нэг нь орох, гарах дээрээ шавартай ерөнхийдөө хөнгөн талдаа SS үүд байлаа. Машинууд нь жигд сайн, илт сайн, илт муу машинууд байхгүй жигдхэн 27-28 баг үзэж байна.
Машины хурд, хүч, тэсрэлт яриад байх юм алгаа. Ихэнх нь дугуйгаа залж байна. Залсан дугуйгаа тормозолж байна. Бусдаар манайхнаас хол тасрахаа юм алгаа. Харанхуй болж SS хаагдаж, бүгд campsite руугаа ирэн байрлаж байна. Саравчинд ортой, орон дээрээ ялаа шувуулны хамгаалалттай унтацгааж байна!
Машины бяр их нэлээдгүй баг урд, хойд дифф ээ задалсан харагдаж байна. Ноднин RFC-д ч ийм эвдрэлүүд их гарч байсан. Явах эд анги нь мотороо дийлэхгүй л байгаад байна даа манай төрөлд
DAY 2
Өглөө 05:00-т босож, цайгаа уугаад багууд ээлжлэн гарсаар 09:00 цагийн үед хөдөллөө.
Өнөөдөр ширэнгээр 200 орчим км явсан. Зам шавартай, устай, том голоор гаталсан г.м бартаагаар явж ирлээ. Манай 5 одоо хүртэл DAY2 Camp дээр ирээгүй байна. Багууд цувж ирсээр байна. Өнөөдөр #competition ангилалд SS байхгүй бөгөөд, энд хоноод маргааш өглөө 2 SS тэй гэсэн мэдээлэл авсан. Цаашаа зам илүү хүндэрнэ гэж ярьж байна.
Уралдааны машинаараа дараагийн SS болох газар луу ингэж хол явна гэдэг чанга, сонирхолтой санагдаж байна. Энд зөвхөн уралдаанаас гадна маш том цогц арга хэмжээ, аялал жуулчлал явагдаж байна!
Дэлхийн 14 орны 640 -н оролцогч оролцож байна!
DAY 3
Өчигдрийн төлөвлөгөөгөөр өнөөдөр 2SS ороод дараагийн 20км хүнд бартаатай зам руу хөдлөх байлаа. Өглөө зарим багууд ирж амжаагүй учир өдөр 13:00 цаг хүртэл хүлээж 4SS нээж эндээ дахин нэг хонохоор боллоо. Энэ тал дээр харьцангуй уян хатан байдаг юм байна.
Өнөөдөр л тухтай машинууд сонирхож, аль тамирчин хэр явдгийг бага зэрэг гадарлаж эхэлж байна. Эхний өдрийн 4SS -р 228 -1т, өнгөрсөн жилийн аварга 133-2т явж байлаа. 228 эхний SS дээ орж DNF авснаар байрлал нэлээн өөрчлөгдөж байх шиг байна. Орой 22:00 цагаас шөнийн 2SS орлоо. 2 хөнгөн SS дээр тамирчид өндөр хурд, жолоочийн скилл харуулж байна. Дизел машинууд шон тойроод буцахдаа утаандаа төөрчих гээд хэцүү байлаа 🤪
SS нээхээс өмнө цаг зарлаж, тамирчид тэр цагт хоцрохгүй цугладаг юм байна. Завсарлага болгоны дараа хэн хэдэн оноотой явж байгааг зарлаад байх шиг байна, мөн галын хорны оронд өнгийн карт тараан оочиж авдаг юм байна. Эхний хэдэн машинуудыг сугалаагаар шийдээд байх шиг байна, одоогоор яг учрыг нь олоогүй л байна.
SS ийг орох тамирчдад замыг тайлбарлаад 1 минут өгөөд шууд тамирчдыг эхнээс нь дуудаад эхэлж байна. Шүүгчийн хэсэг туузаар хүрээлэгдэж, түүн лүү тамирчдаас өөр хүн орохгүй SS цаг, хяналтын шүүгчдийн ажиллах нөхцөлөөр хангаж өгч байна. Хүндрүүлсэн бартаа, замд 2-3 шүүгч камертай хяналт хийж байна. Нэг SS дээр 5-6 шүүгч ажиллаж байна.
Тамирчин торгуулиа аваад бартааг тойрох зорилготой шон дайрахыг зөвшөөрч байна. Хэрэв өндөр торгууль өгөхийг хүсвэл 2 шонгийн хооронд 2-3 тууз татсан байна. Магадгүй энэ нь тасалсан, дайрсан тууз бүрээр оноо хасах байх.
SS дээр хулдаасан хэвлэлээр цаг бичих самбар хэвлэж тавьсан байгаа нь маш зөв шийдэл санагдлаа. Арилдаггүй маркераар тамирчны оочих дараалал, явсан цаг, торгуулийг тэр дор нь бичиж байна.
Одоогийн байдлаар 20SS -c 10SS орж тэмцээн дундаа орж байна. Маргааш өглөө 2SS орж, дараагийн байрлах газар лугаа хөдөлнө. Эндээс 2 баг, 4 сервис машинтайгаа маргааш буцахаар болсон, учир нь сервис машинуудынх нь винч эвдэрсэн цаашид замаа үргэлжлүүлэх боломжгүй болсон.
Өнөөдөр SS11, SS12 эхэлж, зарим багууд SS үзэхгүй эртхэн замдаа гарлаа. Учир нь маш хүнд 20км зам биднийг хүлээж байгаа. Манай баг SS үүдийг дуусгаад 14:00 цагийн үед отгоос хөдөллөө!
Маш олон баг явж байгаа учир бартаан дээр түгжрэл ихтэй, өглөө 9:00цагт хөдөлсөн баг орой 20:00 цагт 20км замаа туулж дараагийн station дээр ирсэн.
Багуудын зохион байгуулалт: Багийн бүх гишүүд станзад холбогдож, бүх баг бартаанаас гарсан тохиолдолд баг тухайн бартаанаас хөдөлнө. Тэгэхдээ дараагийн багийн 1, 2 машиныг бартааг гаргаж өгч гадас болгож өгөөд цааш замаа үргэлжлүүлж байна. Зам зөрөх, 2 эгнээ болох боломжгүй, өмнөх багийн машин эвдрэх, саатах, хооллох зэрэгт арын баг тэвчээртэй хүлээж байна. Pro машинууд PTO оор багийн гишүүдээ бартаанаас хурдан гаргаж өгч байна. Багийн машинууд эвдрэх, винчгүй болсон тохиолдолд дараагийн station -с буцдаг юм байна. Баг дундаа гал тогоотой, мөн эмчтэй, өдрийг 2-3 хооллож байна. Жилд нэг удаа зохион байгуулагддаг ОУ-н арга хэмжээ, багууд техник хэрэгсэл, бэлтгэл сайн байна.
Jungle: гол нь матартай, уул нь зэрлэг заан, гориллотой, шумуул нь маларри. Сонсоход аймшигтай л юм. Ирээд явахад асуудалгүй сайхан л байна 😁 Гэхдээ бид нар жаргасан ард түмэн шүү, энд jungle байгаа хэдий ч, замаас 2 алхам гарах боломжгүй, жижигхэн замын хэсэгтэй хашигдаж, дураараа явах боломжгүй нь давчдуулах юм.
Энэ төрлийн аялал жуулчлал Монголд хөгжих бүрэн боломж байна, тэр дундаа өвлийн аялал хөгжүүлбэл бүрэн боломжтой санагдаж байна. Манайд тоноглосон олон машинтай хүн байдаг, ашиглалт маш бага. Зуны нэг уралдааныг аялалтай холбож, зөвхөн уралдах биш, гэр бүлээ аваад, уралдааны машинтайгаа хэд хоног аялаад, уралдаад орон зай бидэнд байна. Цаашлаад гаднаас жуулчин татах, наанадаж аяллын соёл, багийн ажиллагаа хөгжүүлэх. Ингэж тааваараа явж уралдах, аялах маш тааламжтай санагдаж байна.
Өнгөрсөн шөнө ихэнх багууд оройтож ирсэн. Зарим нь замдаа хоносон. SS13, SS14 11:00 цагт эхэлсэн. SS13 удах тусмаа хүндэрдэг, SS14 удах тусмаа хөнгөрдөг SS - үүд байлаа. Эхний 14SS дараагийн байдлаар 1-118, 2-133 өнгөрсөн жилийн аварга, 3-121 бичигдэж байна. SS хааж, маргааш өглөө 8 цагт дараагийн #campsite луу хөдлөхөөр болсон.
Техникийн зөвлөгөөн дээр өдөр өдрөөр нь сугалаа сугалдаг гэж ойлгосон. Жишээ нь 2SS тэй өдөр байлаа гэхэд 28 баг 14, 14 өөрөө 2SS -д хуваарилагдана. 1-1 сугалсан баг, 2-15 дээр, 1-2 сугалсан баг, 2-16 дээр гэх мэтээр SS эхлэхэд бүх багуудыг дарааллаар нь самбарт бичиж дуудна. SS дээр 5 мин дуудаад ирэхгүй бол DNS өгдөн гэж ойлгосон. Энэ нь нэг бодлын амар ч машинд саатал гарсан тохиолдолд DNS авах магадлал ихэснэ! Borne Safari дүрмийн талаар өөрийн ойлгосноороо дараа тусдаа нэг нийтлэл бичнээ. Ирж уралдахаар сонирхож байгаа тамирчдад хэрэг болж магадгүй
Тэмцээний талбай дээр SOS машин шаардлагатай бүх байрлалд байрлаж байна. Шаардлага гарсан тохиолдолд PTO той SOS машинууд түргэн шуурхай ажиллаж, замыг чөлөөлж байна. Олс хүндрүүлэгч, бусад хамгаалах хэрэгслийг торгуулахгүйн тулд биш бүх нөхцөлд хэрэглээд сурсан байгаа нь сайшаалтай байлаа
#borneosafari тэмцээнд оролцогч #competitor багийг дээд тал нь 3-н #supportcar дагаж явах боломжтой.
Өглөө 8:00 цагт эхний багууд дараагийн #campsite луу хөдөлсөн. Уралдаж байгаа 23-24 багийн арын алба, зохион байгуулагч, шүүгч нар нийлсэн 150-д машин #jungle -д нэг винчдэж гардаг жалганд өдөр болтол түгжрэв. Өдөр 15:00 -н цагийн үед Tongod тосгонд ирэхэд SS15, SS16 эхэлсэн байлаа. Нутгийн иргэд олноор үзэж сонирхохоор ирсэн байсан. 2SS нилээн урт, сонирхолтой байсан. SS15 ийн гүнзгий усаар заавал винчдэж гарах дүрэмтэй байсан. Өөрөөрөө гарсан машин DNF авна. Энэ нь зарим тохиолдолд их зүгээр санагдсан. Аюулгүй байдал, штүрмэний ажиллагааг шалгасан
SS16 дараах байдлаар 1-133, 2-121, 3-118 орсон байдалтай байна. #team118 SS16 дээр #toptime хийсэн боловч өндөр торгуультай шон дайрч, тууз тасалснаас болоод 60 оноогоор торгуулсан харагдсан. Энд өндөр оноотой шонгуудыг олон туузаар холбож, хэр олон туузаар холбосноос хамаарч х10 торгууль тодорхойлогддог юм байна. Сонирхолтой дүрэм!
Borneo Safari 2025 оны #campsite сүүлийн шөнө хөл хөдөлгөөн ихтэй орой байлаа. Маргааш өглөө 8:00 цагт 4SS эхэлж, SS хаагдахад бүх баг тамирчид Kota Kinabalu руу хөдөлцгөөх болно. Нөгөөдөр 17:00-с шагнал гардуулах ёслол болно! Өдрийн тэмдэглэлээ интернэтгүй нэг өдрөөр хоцорч байсан, гүйцэж авлаа
Техникийн хөгжил, тэмцээн зохион байгуулалт, тамирчдын скилл, сэтгэл зүйг өөрийн хэмжээнд хэзээ нэгэн өдөр бичих болноо…
Сүүлийн 4SS хийж байгаа газар гол устай, орчин сайтай газар болсон. Тамирчид SS болох газар ирж хоноцгоосон байсан. Бид над #campsite дээрээсээ 5км орчим явж ирсэн.
Сүүлийн 4SS -н нэг нь хүнд, нэг нь дунд зэрэг, 2 нь хөнгөн буудааны SS байсан. Эхний 3-ын төлөөх өрсөлдөөн маш ширүүн болсон. #team118 SS18 луу 1-р орж DNF авсан. Ингээд #team133 болон #team121 хооронд аваргын өрсөлдөөн үлдсэн. Гэвч #team121 SS19 -д орохдоо гараа барианы шонд хүрснээс болж 30 оноогоор торгууль тухайн SS дээрээ 33 оноо авч аваргын өрсөлдөөнөөс хасагдсан. Ингээд 133 аварга болох нь тодорхой болсон.
Дүрэм: Манайд гараа барианы шонг унагаагаагүй, тууз таслаагүй бол торгууль авдаггүй. Харин Borneo Safari -д бол шон, туузанд хүрэхэд л 30 оноогоор торгодог юм байна. Энэ нь гараа, бариан дээр өндөр хурд гаргаж үзэгч, шүүгчийг эрсдэлтэй байдалд оруулахаас хамгаалсан дүрэм байна. Тамирчид маш няхиур гараа, бариандаа орж ирнэ гэсэн үг.
SS18 дээр эхний 2 баг DNF, 4-с хойд 6-7 баг дарааллан DNF авсан, сүүлдээ зам нь эвдэрч багууд өндөр цаг үзүүлэх боломжтой болсон. Өнөөдөрийн SS үүд дуусаж бүгд гэр гэрийн зүг хөдөлсөн.
DAY 8 CLOSING DINNER
1500 хүн оролцсон “CLOSING DINNER” 18:00 цагт эхэлсэн. Төсөөлж байгаагүй том хаалтын арга хэмжээ, бүх зохион байгуулагч, ивээн тэтгэгч, зурагчдыг алдаршуулсан, дурсгалын зүйл гардуулсан мөн сугалаатай урт хөтөлбөр. Гайхалтай байсан!
3-р байранд 121 дугаартай баг, Аварга авах бүрэн боломж байсан ч сүүлийн өдөр алдаа гаргаж 3 луу үсэрсэн. 121 багийнхан найрсаг, хөгжилтэй дажгүй залуус байсан. Дараа дараагийн уралдаанд нь өндөр амжилт хүсье!
2-р байранд 118 дугаартай баг. Мөн адил сүүлийн SS18 дээр 1-р орж DNF авч өрсөлдөөнөөс гарсан боловч бусад 3SS дээр өндөр цаг үзүүлж нэг байр урагшилсан байсан. SS18 дээр DNF аваагүй байсан бол тасархай аваргалах байлаа!
1-р байранд 133 дугаартай баг. Сүүлийн 3-н жил дараалан аваргалж байгаа анхны баг. Аргагүй #legend юм аа, 133 хийгүй, нягт явдалтай юм билээ!
28 тамирчин оролцсоноос эхний 10 байр шалгаруулж шагнал гардуулсан. 10-р байрны шагналын сан 8.2 саяас эхэлж, 1-р байрны шагналын сан 98 сая төгрөг. Нийтдээ 300 -д сая төгрөгийн шагналын сан эхний 10-н байранд өгч байсан. Манай төрөлдөө дэлхийн No1 шагналын сантай байх гэж би хувьдаа бодож байна! Манайд ивээн тэтгэгч нарын өгсөн шагналын үнийн дүнг тооцдоггүй, нарийн тооцоод өгвөл бас зүгээр юм билээ!










No comments:
Post a Comment